
Индонез Улсын нийслэл Жакарта хотод энэ сарын 1-3-нд ой тогтоолтын ДАШТ боллоо. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд гурван өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.
Монгол Улсаа төлөөлж Оюун ухааны академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57-г нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Насанд хүрэгчдийн ангилалд "Олон багц хөзөр" төрөлд олон улсын их мастер Н.Мөнхшүр, "Нэр-зүс царай" болон “Зураг” төрөлд олон улсын их мастер В.Янжаа, өсвөр насанд "Түүхэн үйл явдал", "Хурдны хөзөр", “Хоёртын тоолол” болон “Олон багц хөзөр” төрөлд олон улсын мастер Э.Лхагвадулам нар дэлхийн долоон дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Мөн олон улсын их мастерын болзлыг Б.Намуун, С.Марал, Н.Намуундарь Д.Сайханбилэг Б.Ариунбилэг, М.Уянга нар хангаж, Н.Мөнхшүр, Н.Энхшүр, В.Янжаа нар олон улсын их мастерын зэргээ ахиуллаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны 1, олон улсын их мастер, Америкийн тамирчин Alex Mullen 9055 оноогоор Дэлхийн аварга болж дэд байранд олон улсын их мастер Н.Мөнхшүр 7880 оноо, гутгаар байранд олон улсын их мастер В.Янжаа 7425 оноогоор тус тус шалгарлаа.
Өсвөр насанд нийлбэр дүнгээр олон улсын их мастер Э.Лхагвадулам 6959 оноогоор тэргүүлсэн бол дэд байранд олон улсын их мастер М.Уянга 5552 оноо, гутгаар байранд олон улсын их мастер Б.Намуун 5302 оноогоор удаах байрыг эзэллээ.
Бага насанд нийлбэр дүнгээр олон улсын их мастер Б.Ариунбилэг 4176 оноогоор Дэлхийн аварга болсон бол дэд байранд Ш.Наранбат 3846 оноо, гутгаар байранд Т.Үжин 3327 оноогоор удаах байруудыг эзэллээ.
Мөн олон улсын их мастер, өсвөрийн дэлхийн аварга, Азийн аварга Н.Мөнхшүр "Азийн хамгийн шилдэг тамирчин-2017" цомын эзэн боллоо.
Энэ удаагийн Монголын шигшээ багт Дархан-Уул, Хөвсгөл, Орхон аймгийн тамирчид багтаж, дэлхийн аваргаас медаль хүртсэнд нь онцгойлон баяр хүргэх нь зүйтэй биз ээ.
Оюун ухааны академийн тамирчид дэлхийд үнэмлэхүй ялалт байгуулжээ | ||
Үзсэн: 2126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.