
Хүүхдийн асрамжийн “Өнөр бүл” төвийн үүдэнд энэ сарын 01-нд 10:00 цагт 45 хүний суудалтай жуулчны том автобус зогсон, ээлжит зорчигчдоо хүлээн зогсов.
Жолооч залуу цагаа байн байн харж автобусаа халаан, орох хаалганыхаа цасыг унагаан хэрэндээ л хувийн бэлтгэлээ хангаж байгаа нь тэр. Удалгүй хүүхдүүд шуугилдан гарч ирлээ. Энэ өдрийн онцгой зочид бол “Өнөр бүл” төвийн 2-9 насны 70-аад хүүхэд байлаа. Тэд “Мишээлтэй хүүхдүүд” хөтөлбөрт хамрагдах гэж буй нь тэр. Тус төвд 2017 оны зун “Мишээл” группын зүгээс “Бүжин” бүлгийн засварыг иж бүрэн хийсэн бөгөөд энэ өвөл шинэ жилийн баярыг тохиолдуулан ээлжит хөтөлбөрөөрөө уулзаж буй.
Арай ах хүүхдүүд нь түрүүлж бэлэн болсон байх ба 2-4 насны багачуудаа хөтлөн, тэврэн автобус руу чиглэн баяр хөөртэй алхах нь яг л төрсөн ах дүү шиг харагдсан билээ. Аргагүй биздээ аав ээжийн бүрэн хайрыг мэдэрч амжаагүй бяцхан зүрхэнд өөрөөс нь тохой өндөр ах эгч нар нь тэдэнд жинхэн хайраа хуваалцаж гэр бүлийн гишүүн болж буй нь бүрэн гүйцэд биш ч чин сэтгэлийн хайр энд байна гэж бодогдохоор байв.
“Амьдралаа харсан хамгийн сайхан автобус” гэх цовоо дуу чихний хажуугаар өнгөрөв.... ийн хэлсэн хүү рүү лавшруулан харвал хажуудаа нэгэн охиныг хөтлөн зогсоо 7 орчим насны хүү нүдэнд тусав. Хөтлүүлэн зогсоо 2 наст малгай ороолтны завсар нүд нь харагдахгүй битүү баглаатай ч амандаа ямар нэг сайхан зүйлсийг ярилцан ахтайгаа хөтлөлцөн зогсох нь хайр татам байлаа. Гадаа хэдий -22 градусын хүйтэн байсан ч цовоо хүүхдүүдийн дуу шуу хөл хөдөлгөөн автобусыг тэр дороо нэмэх градуст оруулж халуун дулаан болгосон юм. Удирдан яваа багш нарынхаа үгэнд сайн орохоос гадна нэгнээ хүндэтгэх хайрлах дадал нь 30 хүрсэн бидний үеийнхэнээс илүү юмдаа гэх бодол зурсхийж байлаа.
Ингээд “мөрөөдлийн” автобусандаа сууцгаан төв номын сангийн эсрэг талын KFC-д 11 цагт очсон юм. Өмнө нь багш нараас мэдээлэл авсан ба KFC-д хэн нь ч орж үзээгүй байсан юм. Зурагтаар л бүргер, тахианы махны тухай реклам үзсэнээ хүүхдүүд надад ам уралдан ярьж өгсөн юм. Нэг давхарт нь бужигнаж пижигнэх байх гэж би бодож байсан ч 70 хүүхэд ямар ч чимээ анир гаргалгүй эмх цэгцтэй өдрийн хоолоо хүлээж суусан юм. Удалгүй амтат өдрийн хоол ирж хүүхэд бүр баяр хөөртэйгээр амтархан хоолоо идэв. Цэвэрхэн, авхаалжтай, эмх цэгцтэй байсанд талархан KFC-н хамт олноос хүүхэд бүрт хөлөгт тоглоом бэлэглэж баяр дээр баяр нэмэв.
13 цагт Монголын хүүхэлдэйн театрын зүгээс “Алтан залаат азарган тахиа” хүүхдийн жүжгийг зөвхөн Өнөр бүл-н хүүхдүүдэд зориулан тусгайлан толилуулав. Тус жүжиг үнэхээр хүүхдүүдийн сэтгэлд хүрсэн ба жүжгээр дамжуулж хүүхдүүдийн гар утасны буруу хэрэглээ, хийжүүлсэн ундааны зохистой хэрэглээг сэтгэлд нь хүртэл ойлгуулж найз нөхөрлөлийн үнэ цэнийг хүүхэд бүрт мэдрүүлсэн жүжиг байв. Хүүхдүүд Алтан залаат азарган тахиаг хорон санаат үнэгний савраас аврахын тулд маш их “орилж” нэг тал болж байж жүжгийг амар сайханд нь дуусгасан юм. Хүүхдүүдийн нас бие онцлогт нь тааруулсан ухаарал, нөхөрлөл, зөв буруугийн тухай 1 цагт багтаан ойлгуулсан жүжиг бяцхан хүүхдүүдээс гадна багш нар, зохион байгуулагчдад гүн сэтгэгдэл үлдээсэн юм.
Жүжиг дууссаны дараа “Алтан жолоо” группийн хамт олон хүүхэд бүрт шинэ жилийн бэлэг гардуулсан юм. 25 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа “Алтан жолоо” групп нийгмийн хариуцлагын үүднээс олон талт нийгмийн ажил зохион байгуулдаг ба энэ удаа Мишээлтэй хүүхдүүд хөтөлбөрт нэгдэн хамтран ажиллаж буй нь энэ ажээ. Гарын бэлгийг жүжгийн баатрууд хүүхэд бүрт гардуулж өгч хамтдаа хөгжилдөн, зурагаа татуулж тэр ч байтугай хүүхдүүд жүжгийн тухай санал сэтгэгдлээ хэлсэн, хэлэлцүүлсэн “амьд” хөтөлбөр болж өндөрлөв. Театраас гарах үүдэнд Монголын анхны хүүхдийн комикс номыг эрхлэн гаргадаг “Бумбардай” номын хамт олон хүүхэд бүрт ном бэлэглэж тус төвийн номын санд ч мөн ном хандивласан сайхан үйл явдал болсон юм. Алтан залаат азарган тахиа жүжиг хүүхдүүдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн ба дараагийн зогсоолруу явах замд хүүхдүүд жүжгийн тухай нэлээд нухацтай харилцан ярилцаж явлаа.
Зохион байгуулагчдийн зүгээс 2-9 насны хүүхдүүдийг тоглуулах тоглоомын төвийг хайсан ба “Little pony” тоглоомын төв найрсагаар хүлээн авч эргэлзэлгүй зөвшөөрч бидэнд 2 цаг тоглох боломжоор бүрэн хангасан юм. Зарим тоглоомын төвүүд “асрахын хүүхдүүд тоглоомын төвийг муухай болгочихдог тул боломжгүй гэж” үл ойлгогдом хариултыг өгч байсан ч сайн бодол сайнруу хөтөлдөг гэдэг шиг сайхан сэтгэлт хүмүүс таарсан юм. Хүүхдүүд өдрийн шахуу хөтөлбөртөө ядарч байсан ч тоглоом бүр дээр тоглох хүсэл ах эгч дүү нартайгаа ханатлаа тоглох хүсэл нь их байгаа нь илт байсан юм.
Хэдий хүүхдүүдийн амьдрал янз бүр боловч тэдний амьдралын нэг өдөр гайхалтай байгаасай гэж зохион байгуулагчид чинхүү хүссэн юм.
Тэдэнд ирээдүй бий, тэдэнд хүсэл мөрөөдөл бий, тэдэнд хэнээс ч дутахааргүй бяцхан зүрхэнд нь хайр дүүрэн бий гэж бид бүрэн итгэсэн юм.
'Мишээлтэй хүүхдүүд' хөтөлбөрийг санаачилсан Мишээл групп ХХК, Нийслэл дэлгэц ХХК-ийн хамт олон бяцхан хүүхдүүдийн өмнөөс талархая. Мөн хөтөлбөрийг дэмжин ажилласан KFC Mongolia, Алтан жолоо групп, Хүүхэлдэйн театрын хамт олон, Бумбардай номын багийн гишүүдэд гүнээ талархаж байна.
Гадаа хүйтэн ч сэтгэлдээ дулаахан өдөр | ||
Үзсэн: 1603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.