Шууд Chart

Довчины Сүхбаатар буюу Хорлоогийн Баянмөнх

2017-12-13 13:58:23

Жил бүрийн хоёрдугаар 2-нд Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, XX зууны манлай монгол бөх Х.Баянмөнх аваргын мэндэлсэн өдөр давхацдаг.

Дүүрэн 74 жилийн тэртээ 1943 оны морин жилийн өвлийн сард Увс аймгийн Хяргас сумын, хуучин Дэжээлингийн хүрээний туурин дээрх төвийн хүн эмнэлэгт Хорлоо ээжийнхээ сүүдэр ташаарсны 37-ны жил, Довчин аавынхаа 56 насан дээр нэгэн хүү мэндэлсэн нь өдгөөгийн цагийг эзэлсэн алдарт бөх Баянмөнх байлаа. Хүүг эх барьж авсан хүйний ээж, бага эмч Түнжин хөвгүүнийг хоёрдугаар сарын 2-нд жанжны мэндэлсэн өдөр гарлаа хэмээн бэлгэшээж Сүхбаатар гэдэг нэр өгчээ.

Харин ирээдүйн их аваргыг зургаан насандаа айхтар өвдөж шаналахад авга ах хувилгаан лам Жамба нь Сүхбаатар хэмээх нэр түүнд хүнддэж эхэллээ гэж айлдсан гэдэг. Эцэст нь хүүгийн эцэг “шударга” Довчины төрсөн ах “бууч” Пагва ачийнхаа Сүхбаатар гэдэг нэрийг өөрчилж Баянмөнх гэсэн байх юм. “Шударга” Довчин нь хүүгээ 10 настай байхад нас барсан бөгөөд Баянмөнх хүү талийгчийн нэрийг хэлэхээс цээрлэдэг монгол ёс заншлын дагуу, ааваараа бус ээж Хорлоогоор овоглож явах болсон байна. Ийнхүү Довчины Сүхбаатар маань 1953 оны намраас эхлэн Хорлоогийн Баянмөнх хэмээн албан ёсоор дуудуулах болжээ.

Тэрбээр бөхийн барилдаанаар 1968-1977 оны хоорондох арван жилийн хугацаанд дэлхийн ба олимпийн их наадамд оролцохдоо 1-6 дугаар байрт завсаргүй шалгарч, 1975 онд дэлхийн аварга, 1972 онд Мюнхений олимпоос мөнгөн медаль, 1971 онд Софигоос, 1974 онд Стамбул хотоос ДАШТ-ий мөнгөн медаль эх орондоо авчирчээ. Дэлхийн шилдэг багуудын цомын тэмцээнд оролцож 1975 онд Толедогоос хүрэл медаль хүртсэн байна.

Х.Баянмөнх аварга Монгол бөхийн дэвжээнээ Ж.Мөнхбат аваргатай эн тэнцүү өрсөлдөгч болон 1960-аад оны дунд үеэс гарч ирж олон түмэндээ “хоёр Мөнх” хэмээн дуудуулж эхэлсэн юм. Улсын баяр наадамд анх удаа 10 удаа түрүүлсэн далай даян даяар дуурсагдах дархан аварга Х.Баянмөнх “Хөлстэй нүцгэн биеэрээ хамгийн их тулсан хоёр хүн бий. Нэг нь миний хань Дэжимбээ, нөгөө нь Мөнхбат” гэж ярьдаг. Хоёр Мөнх хоорондоо Улсын баяр наадамд хоорондоо нийт есөн удаа таарч барилдсан бөгөөд бие биенээ дөрөв хаяж, 1969 онд наймын даваанд хаялцалгүй удсанаас хоёул хасагдсан түүхтэй.

Дашрамд дурдахад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат аварга 1967 онд чөлөөт бөхийн ДАШТ-ээс анхны хүрэл, 1968 оны Мехикогийн олимпоос анхны мөнгөн медаль эх орондоо авчирч, Улсын баяр наадамд зургаан удаа түрүүлсэн хүчтэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Довчины Сүхбаатар буюу Хорлоогийн Баянмөнх  
Үзсэн: 2704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй