Шууд Chart

Я.Зоригтбаатар олимпийн эрх биелүүлэхэд 1 секунд 3 доль дутлаа

2017-12-15 16:10:37

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд 56 хоногийн хугацаа үлдлээ. Олимпийн эрх авахын төлөө Монгол Улсын цана, тэшүүр, биатлоны тамирчид олон улсын цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа билээ. Тэгвэл энэ удаа тэшүүрийн тамирчид олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнийг Канад болон АНУ-ын цуврал тэмцээнд хийсэн ч хараахан эрхээ авч чадсангүй. 

АНУ-ын Юта мужийн Солт-Лэйк хотноо тэшүүрийн дэлхийн IV дэх цомын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээнд дасгалжуулагч Д.Энхбаяр, Ж.Долгорсүрэн нарын удирдлагад Я.Зоригтбаатар, А.Зул нар өрсөлдлөө.

Олимпийн эрх авах цуврал тэмцээнд амжилттай оролцож байгаа Я.Зоригтбаатар эрэгтэйчүүдийн 1000 метрт 1 минут 11.89 секундын амжилтыг үзүүлж, олимпийн эрх биелүүлэхэд 1 секунд 3 доль дутлаа. Түүний хувьд өмнө нь Канадад болсон дэлхийн цомд оролцохдоо 500 метрт улсынхаа рекорд амжилтыг 36.33 секундээр шинэчлэн тогтоосон юм. Тэгвэл АНУ-д болсон тэмцээнд олимпийн эрхийн норм биелүүлэхэд ойрхон байлаа.

Эмэгтэй тэшүүрчдээс А.Зул 500 метрт 41.42 секунд гүйж, олимпийн эрхийн нормативаас 2 секунд 5 доль дутжээ. Түүний хувьд мөн Канадын Калгари хотод болсон тэмцээнд 500 метрт улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Энэ жил 18 настай Я.Зоригтбаатар, 22 настай А.Зул нарын хувьд Канад болон АНУ-д болсон цуврал тэмцээнд амжилттай оролцсон ч олимпийн эрхийн нормативийг биелүүлж чадсангүй. Гэхдээ Монгол Улсын тамирчдын хувьд ирэх оны нэгдүгээр сард цуврал тэмцээнд оролцох боломж байгаа. Харин тэд энэ удаагийн тэмцээнд хувийн зардлаар явсан бөгөөд ирэх тэмцээнд ч санхүүгийн асуудал гарч байгааг хэлж байв.

Энэ удаагийн цуврал тэмцээнд оролцсон Монголын багийн ахлагчаар Б.Бат-Оргил ажилласан байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Я.Зоригтбаатар олимпийн эрх биелүүлэхэд 1 секунд 3 доль дутлаа  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй