Шууд Chart

Говь-Алтай аймгийн Бугат суманд 320 хүүхдийн багтаамжтай байр үүдээ нээлээ

2017-12-18 14:09:58

Орон нутгийн хүүхдүүд өвлийн хүйтэнд даарч хөрөхгүй, тав тухтай орчинд сурч боловсрох боломж бүрдсээр байна. Говь-Алтай аймгийн тухайд 2017 онд өмнөх онуудад царцаад байсан барилга овьяктуудаас найман томоохон байгууламж ашиглалтанд орсны гурав нь сумдын сургуулийн байр юм.

Үүний нэг болох дөрвөн жил он дамжин баригдсан Бугат сумын сургууль ашиглалтанд орлоо. Уг сургуулийн  нээлтийн тууз хайчлах ёслолын үйл ажиллагаанд аймгийн засаг дарга С.Гансэлэм албаны төлөөлөл, сургуулийн үе үеийн төгсөгчид нутаг орны ард иргэд сурагчид оролцлоо.

Шинэ сургууль нь орчин үеийн шийдэл бүхий ариун цэврийн өрөөтэй, хүүхдийн сурч боловсрох орчныг бүрэн бүрдүүлсэнд эцэг эхчүүд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.

Байр ашиглалтанд орохоос өмнө хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэж, байрны хүрэлцээ хангамж муу байсан бол одоо нэг ээлжээр хичээллэж, сурагчид үдээс хойшдоо өөр өөрийн сонирхсон хичээлийнхээ дугуйланд хамрагдаж багш сурагчид тохилог орчинд хичээл сургалтаа явуулж илүү хөгжих боломж бүрдээд байгаа юм.

Энэхүү 320 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байрыг улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулсан байна.

Сургуулийн шинэ байр ашиглалтанд орсоноор харьяалал бүхий сургуулийн насны хүүхдүүд төрөлх сургуульдаа тохилог орчинд суралцах сонирхолтой болж үүнийгээ дагаад хөдөөгөөс төврүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарах давуу талтай юм. Сургуулийн барилгын хувьд хоёр давхар хамгийн сүүлийн үеийн чанар стандартад нийцүүлэн барьсан, орчин үеийн стандартын шаардлага хангасан хичээлийн танхимууд,урлаг заал, спорт заал, иж бүрэн номын сан цайны газартай бөгөөд ерөнхий боловсролын сургууль 12 жилийн сургалттай болсонтой холбоотой зургаан настай сурагчид тусдаа хичээллэх ангиудыг төлөвлөж өгсөнөөрөө давуу талтай гэх мэт олон зүйлсийг нэг дор шийдэж өгснөөрөө онцлог байлаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Говь-Алтай аймгийн Бугат суманд 320 хүүхдийн багтаамжтай байр үүдээ нээлээ   
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй