
Мексик Улсад зохиогдсон паралифтингийн ДАШТ-ий 107 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпэлжээ 235 кг-ыг шахаж Ази тивийн рекордыг нэг кг-аар ахиулан шинэчлэн тогтоож, мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл түүнийг өнөөдөр Орхон аймгийн засаг захиргаанаас үнэлж Баян-Өндөр хотхонд нэг өрөө байраар мялаав. Тус тэмцээнд 71 улсын 1000 орчим тамирчин өрсөлдсөн юм. Э.Содномпэлжээгийн оролцсон жинд 20 орны тамирчин өрсөлджээ.
Орхон аймгийн засаг дарга Д.Батлут энэ үеэр “Орхон аймгийн уугуул хүүхэд энэ өндөр амжилтыг тогтмол үзүүлж байгаад баяртай байна. Цаашид бэлтгэл сургуулилтаа сайн базааж түмэн олноо баярлуулж яваарай” хэмээв.
Түүний шинэчлэн тогтоосон паралифтингийн -107 кг-ын жинд Ази тивийн рекордыг Иран Улсын тамирчин эзэмшиж байсан аж. Байрны түлхүүр гардах үеэр тэрбээр “Эрдэнэтчүүдийнхээ хайр, итгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Та бүгдийнхээ итгэлийг алдалгүй улс, нутгийнхаа нэрийг гаргахын төлөө хичээх болно” гэв.
Э.Содномпэлжээ энэ онд олон улсын гурван тэмцээнд оролцож амжилт үзүүлээд байна. Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сард болсон паралифтингийн дэлхийн цом, тавдугаар сард болсон Европын дэлхийн цомоос алтан медаль, энэ сард болсон ДАШТ-ээс ийнхүү мөнгөн медаль хүртээд байгаа юм.
Тэрбээр ирэх оны хоёрдугаар сард АНЭУ-д болох паралифтингийн дэлхийн цомын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ чамбайруулж байна.
Э.Содномпэлжээг Орхончууд нэг өрөө байраар мялаав | ||
Үзсэн: 1751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.