
Улиран одсон 2017 онд Монгол Улсын спортын салбарт тохиосон олон онцлог үйл явдлаас тавыг нь онцолж, эргэн санья. Мөн үүнээс ч илүү амжилт үзүүлэхийг тамирчидаасаа хүсэн ерөөж байна.
Д.Сумъяа
Олимпийн наадмын мөнгө, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол түмний бахархал охин Гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болж, элэг нэгтнүүдээ баярлуулсан. Түүний амжилт Японы жүдочдын алтан медалийн цувралыг зогсоосноороо дэлхий нийтийн анхааралд өөрийн эрхгүй өртсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн баатар” цолоо хүртээлээ. Нүдээ олсон шагнал гэж түмэн олон талархав.
П.Орхон
2017 оны наймдугаар сард Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ийн жинд “Алдар” спорт хороо, Аваргууд академийн тамирчин, ОУХМ П.Орхон аваргалж, алтан медалийн эзэн болсон. Түүний амжилтын буухиа үргэлж Цэргийн Дэлхийн аваргад түрүүллээ. П.Орхон чөлөөт бөхийн Дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин юм.
Н.Түвшинбаяр
2008 оны Бээжингийн олимпиас хойш “Найдвар алддаггүй” хэмээн алдаршсан Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр Монгол Улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан гэж цоллуулж байлаа. 2017 оны есдүгээр сард болсон жудо бөхийн ДАШТ-ний +100 кг жинд барилдаж, хүрэл медалийн эзэн болов. Түүнийг “Чингис хааны одон”-гоор шагналаа.
С.Батцэцэг
Монгол Улсын төрийн далбааг дэлхийн цээжинд мандуулдаг алдартай тамирчдын нэг. 2010, 2015 оны ДАШТ-ий алтан медаль, 2012 оны олимпийн хүрэл медальт чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгийн гавьяаг үнэлж, 2017оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн баатар” цол хүртээлээ.
Д.Отгондалай
ХБНГУ-ын Хамбург хотноо сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан. Монголоос оролцсон дөрвөн ширэн бээлийтний нэг 60 кг жинд медалийн төлөөх тулаан хийсэн “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Венесуэлийн тамирчныг 5:0 харьцаагаар ялж олимп, ДАШТ-ий хос медальтан боллоо.
Спортын салбарт 2017 онд тохиосон таван шилдэг үйл явдлыг эргэн санъя | ||
Үзсэн: 2805 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.