Шууд Chart

Д.Отгондалай орон тооны бус шигшээ багт орох уу

2018-01-05 12:48:06

Монголын боксын холбооноос энэ онд насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулахгүй гэв. 

Учир нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард жин тус бүрийн шилдэг найман боксчдын тэмцээнийг зохион байгуулсан. Тэгвэл шигшээ багийн тамирчдыг ирэх долоо хоногт эцэслэн гаргахаар болсон байна.  

Одоогоор олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс нэрээ татжээ. Тэрбээр залуу тамирчдад боломж олгох үүднээс 2017 онд болсон шилдэг боксчдын тэмцээнийг өнжсөн. 

Монголын боксын холбооноос энэ талаар тодруулахад “Д.Отгондалай залуу тамирчдад боломж олгож, орон тооны бус шигшээ багт орох хүсэлтэй байгаа юм билээ. Одоогоор шигшээ багт орох тамирчдын нэрс тодроогүй байна. Ирэх долоо хоногийн эхээр бүрэн тодорно” гэсэн юм.

Боксынхоны хувьд энэ жил “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн байгаа бөгөөд хамгийн чухал тэмцээн ирэх наймдугаар сард Индонезид болох Азийн наадам билээ.

Энэ жил 30 настай Д.Отгондалай 2014 онд БНСУ-ын Инчонд болсон Азийн наадмаас аваргын алтан медалийг эх орондоо авчирч байсан бөгөөд 2016 онд Рио-гийн олимпийн наадам, 2017 онд дэлхийн аваргаас тус тус хүрэл медаль хүртсэн юм.

Түүний үзүүлсэн амжилтууд Монголын боксын спортын түүхэнд онцлох амжилтуудын нэг бөгөөд “Токио 2020” олимпийн наадамд өрсөлдөх эсэхийг ирэх онуудад болох сорил тэмцээнүүд харуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Отгондалай орон тооны бус шигшээ багт орох уу   
Үзсэн: 2224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Б.зочин [124.158.95.xxx] 2018-01-05 15:25
Сайн тамирчин амжилт хүсье.

Бидэнтэй нэгдээрэй