
Монгол Улсын Ерөнхийлөгч ийм уриалга дэвшүүлэн том хэлэлцүүлэг зохион байгуулав. Тэгээд эрх баригчдад бодох хугацаа олгов уу гэлтэй гадаадад айлчлалаар мордлоо. Хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгчийн үгийг иргэд сайн сонссон байх, бараг бүх мэдээллээр цацагдсан болохоор. Сонссон бүхэн толгой дохиж, ёстой загатнасан газар маажсан мэт талархан дэмжсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу.
Тэр ч байтугай Ерөнхийлөгч маань хүн бүрийн мэддэг, хэлдэг, шүүмжилдэг, дотроо тэгээсэй гэж хүсч байдаг санааг л хэлээд байх шиг. Арай миний дотор бодлыг уншсан юм биш байгаа гэж эргэлзсэн хүн ч цөөнгүй. Сонин байгаа биз. Үнэн байдал ийм атал эрх баригчдын толгойд ийм санаа огт төрөөгүй, анзаараагүй өдий хүрсэн гэвэл итгэмээргүй байгаа биз.
Асуудлын гол нь тэд маань / төр засгийн толгойд байгаа эрхмүүдийг хэлж байна / Ерөнхийлөгчийг хэлснийг мэдэхгүйдээ биш, эсрэгээр сайн мэдэж байгаа болохоор хугацаа хожиж аль болох өөртөө ашигтайгаар асуудлыг шийдвэрлэдэг гэж хэлсэнтэй нь дүйцээд байна. Наад захын жишээ л гэхэд төрийн данхар бүтцийг танана гэж засгийн тэргүүнээсээ эхлээд, УИХ-ын гишүүн бүр шахам шүүмжилсэн мөртлөө данхар төсвөө батлаад зогсохгүй бүр данхайлгах төсөв баталчихсан.
Бас Яамдын оруулж ирсэн төсөв авилгач төсөв гэж баттай хэлээд байсан ч бүр нэмээд, УИХ-ын гишүүдэд хүртэл ирэх сонгуульдаа энүүгээр бэлдээрэй гэх маягтай хэдэн тэрбум төгрөг “авилгадсан” гээд боддоо. Тэгэхээр Ерөнхийлөгч маань тэнгэр харж байгаад ч юм уу гадаад орнуудаас цоо шинэ санаа олж ирээд гайхшруулсан хэрэг огтхон ч биш болж таарлаа. Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш хөдлөхгүй гэж үзээд сануулсан нь энэ, төрийн тэргүүний хувьд. Одоо ганцхан сануулгыг ажил болгох л үлдлээ.
Төр компани болж хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөөд байдгаа боль гэж Ерөнхийлөгч хатуу анхааруулсан даа. Төрөөс / төрөөс юу байхав татвар төлөгч бидний халааснаас авсан мөнгө / баталсан хэдэн төгрөгийг өрсөж авахын тулд л тэгдэг байхгүй юу. Сайдын багц, агентлагийн даргын багц, цаашлаад сургуулийн захирлын, эмнэлгийн ерөнхий эмчийн, багийн даргын хүртэл багц байдаг гээч. УИХ-ын гишүүний багц гэдэггүй ч чанарын ялгаа огт байхгүй.
Саяхан нэг сэрдхиймээр судалгаа гарсан байна лээ. Төрийн байгууллагуудад албаны машин хэрхэн хэрэглэх тухай журам тогтоол байдаг юм байна. Тэгсэн аудитын шалгалтаар 500 шахам албан тушаалтан дээрх журмыг зөрчин албаны машин хүлэглэдэг болох нь тогтоогдож. Бодоод үз дээ. Машины үнэ, жолоочийн цалин, томилолт, шатахууны үнэ, засвар үйлчилгээ, сэлбэг, хураамж, даатгал гээд чамгүй их зардал гарнаа даа. Багцаалбал нэг машинд жилд ойролцоогоор 60 сая / машины үнэ ороод / төгрөг шаардагдана гэвэл 500 машинд 30 тэрбум төгрөг болох нь. Итгэмээргүй юм. Цаана нь машин унах эрх бүхий дарга нар хэд байгааг бүү мэд.
Лав л 500 –аас хавьгүй олон байж таарна. Энэ тухай байнга л бичигддэг, шүмжлэгддэг болохоор хүн бүр мэддэг сэдэв. Төр маань бас компани болохын зэрэгцээ Төрийн бус байгууллага болоод иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагуудтай өрсөлддөг гээч. Улсын хэмжээнд хэдэн төрийн бус байгууллага байдгийг сайн мэдэхгүй юм.
Хоёр жилийн өмнөх гэрчилгээний дугаараар тоймловол хориод мянга гэж байсан юмдаг. Тэгэхээр ийм тооны төрийн албыг тэднээр гүйцэтгүүлэх боломж байгаа гэж ойлгож болох. Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт ч ингэнэ гэж онцолсон нь бий. Харамсалтай нь төрийн бүх шатанд төрийн бус байгууллагатай төсвөө хуваалцах сонирхолтой нэг ч албан тушаалтан байхгүй гээд хэлчихэд хол зөрөхгүй.
Жишээ нь ахмадын байгууллагууд байна. Манай улсад ахмадуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага дөч орчим байдаг юм билээ. Тэдний дотроос геронтологийн төв, Ахмадын чөлөөт Холбоо хоёр л төсвөөс шалихгүй жаахан төсөв хувиарлуулсан. Геронтологийн Төв нь ЭМЯ-ны харьяа улсын байгууллага болохоор хүссэн ч эс хүссэн ч төсөв авдаг тул ердөө ганц байгууллагад боломж олдсон гэсэн үг л дээ.
Тийн атал ахмадуудад зориулахаар улсын төсөвт тусгагдан батлагдсан гурван тэрбум төгрөг яамны нэг эрх мэдэлтний хавтсанд хав дарагдсаар ашиглагдалгүй он дамнаж байх жишээтэй. Аль нэг ТББ –тай гэрээ байгуулаад хариуцуулчихаар дарга нарт юу ч унахгүй болохоор тэр байх. Ерөнхийлөгчийн шүүмжилсэнтэй тохирч байгаа биз. Энэ бол ганц л жишээ. Үнэхээр төр маань дэндүү том болчихжээ.
Ухаажихгүй бол арай ч хэтэрчихэж. Харамсалтай нь “илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ” гэдэгчлэн Ерөнхийлөгчийн сануулгыг “сэгсрээд” л хаячих байлгүй. Дараагийн сонгууль хүртэл гурван жил шахам хугацаа байдаг. Сонгуулиар асуудал шийдэгдэнэ гэдэг лөөлөө. Эрх барьсаар ирсэн хоёр том намаас өөр олигтой, найдлага тавьчихмаар нам үнэндээ алга.
Судалгаагаар бол дэлхийн жишигт хүрчихсэн тэрбумтан манай улсад 35 байна гэсэн. Тэдний 17 нь одоогийн УИХ-д сууж байгаа хэмээн бүр нэр заан бичсэн байсан. Цаана нь 59 гишүүн үлдэж. Тэд тэрбумтан болтол тэсэж чадвал амьдрал арай дээрдэж магадгүй хэмээн горьдохоос өөр зам харагдахгүй л байна шүү. Гэтэл тэрбумтан болох дараагийн ээлжийн дунд болон хурган дарга нар хэд билээ. “Би явж байна Бээжин сууж байна” гэдэг шиг нэгэн цагт том төр ухаажиж, жирийн иргэн та саятан биш юм гэхэд ядаж зуу мянгатан болох л байлгүй дээ, галав юүлчихгүй бол.
“Том төрөөс ухаалаг төрд шилжих” хүсэл том төрд бий гэж үү | ||
Үзсэн: 3220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.