Шууд Chart

Говь-Алтайн онцгой комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг аймгийнхаа сумдад ажиллана

2018-01-10 13:31:31

Говь-Алтай аймгийн онцгой комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг аймгийнхаа бүх суманд ажиллахаар боллоо.

Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул ийнхүү ажиллахаар болсон байна. Тус ажлын хэсэг алслагдсан сум, багийн иргэдэд болон отроор нүүдэллэн өвөлжиж байгаа малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах, өвс тэжээлийн хүрэлцээ, хүртээмжийн талаар танилцан малчдын санал, хүсэлтийг сонсох зорилготой юм.

Говь-Алтай  аймагт 334 өрхийн 977 иргэн отроор өвөлжил байгаа бөгөөд эдгээр өрөхөд 0-5 насны 88 хүүхэд, жирэмсэн 11, хөгжлийн бэрхшээлтэй 13 иргэн байна гэсэн судалгаа гарчээ.

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шууран замын нөхцөл байдал хүнд байсан. Үүний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваа, Баарангийн даваа цасан шуурганы үеэр хаагдаж даваанд хальтаргаа гулгаа байнга үүсч хойд, урд давааны зам цасанд боогдож,иргэд зорчиход хүндрэлтэй болоод байгаа юм.

Мөн Улаанбаатраас Говь-Алтай чиглэлд явдаг Шалын хоолойн зам цас орсны улмаас машин суух, цасанд боогдох, халтиргаа гулгаа их байгаа тул сэрэмжлүүлэг мэдээллийг аймгийн онцгой байдлын зүгээс хүргүүлж байна.

Тодруулбал аймгийн онцгой байдлын газраас энэ сарын 4-өөс эхлүүлэн тухайн газар бүрт АЗЗА-ТӨХК-иас хамтран ажлын хэсэг гарч хөдөөгийн малчид хөдөлмөрчдийг зорчиход учрах саад бэрхшээлд нь дэмжлэг үзүүлж, цаг тухай бүрд тусламж хүргэн ажиллажээ.

Гэсэн ч үргэлжлэн орсон цас их хэмжээтэй орсны улмаас хүн хүчний хувьд дутмаг, иргэдэд  анхааруулан хэлсэн ч яаралтай шаардлага гэдэг үүднээс зорчиж, цасанд боогдох тохиолдлууд гарсаар байгаа гэдгийг онцоллоо.Иймээс өнөөдөр аймгийн онцгой комиссыг хуралдуулан шаардлагатай техник хэрэгсэл, бензин масло, хүн хүчийг бүрдүүлэхийг санал болгосон юм.Аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж, маш түргэн хугацаанд цасанд боогдосон зам талбайг цэвэрлэж, малчид хөдөлмөрчдийг саадгүй  аюулгүй байлгах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо.

Өнөө маргаашдаа замын гадаргууд ихээхэн хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул өдрийн цагт хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулах, үзэгдэлт хангалтгүй буюу шөнийн цагаар хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг зөвлөж байна.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлэв.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Говь-Алтайн онцгой комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг аймгийнхаа сумдад ажиллана   
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй