Шууд Chart

Эдийн засгийн байнгын хороо хуралдав

2018-01-10 13:42:16

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.10) хуралдаан 09 цаг 54 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.

Ажлын хэсэг хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу саналын томъёоллуудыг боловсруулсан байна. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Ундармаа, З.Нарантуяа, Т.Аюурсайхан, Б.Жавхлан нар асуулт асууж Ажлын хэсгийн ахлагч болон Монголбанкны удирдлагаас зарим зүйлийг тодруулсан юм. Төсөлд Монголбанк үндсэн зорилтоо хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах чиг үүрэг бүхий Мөнгөний бодлогын зөвлөлтэй байхаар тусгасан бөгөөд тус зөвлөл нь Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Монголбанкны ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж УИХ-аас томилсон дөрвөн гишүүнийг оролцуулан нийт долоон гишүүнтэй байх зохицуулалтыг тусгасан.

Үүний дөрвөн гишүүний нэрийг Монголбанкны ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлэх зохицуулалтыг өөрчилж УИХ-ын дарга нэр дэвшүүлдэг байхаар Ажлын хэсгээс саналын томъёолол бэлтгэснийг УИХ-ын гишүүн С.Чинзориг тодруулж асуусан юм. Тэрбээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн дөрвөн гишүүний нэрийг дэвшүүлдэг байх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Хараат бус байдлыг хангахын тулд нэр дэвшүүлж байгаа болон томилж байгаа субьектууд тусдаа байх ёстой гэдгийг З.Нарантуяа гишүүн хэлж, дээрх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж  байсан юм. Төслийн 3 дугаар зүйлийн 14 дэх заалтыг өөрчлөн найруулах саналын томъёоллыг Ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Т.Аюурсайхан нар тодруулга хийсэн.

Үүний дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулахдаа “УИХ-аар Төв банк болон салбарын эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх шинэчлэх асуудлыг хэлэлцэж буйтай холбоотойгоор буруу ташаа мэдээлэл яригдаж байгаад санаа зовж байна. Төслөөр Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх биш одоогийн хэрэгжиж буй хуулиар олгогдсон хэт их эрх мэдлийг хязгаарлах, хяналтад оруулах, хариуцлагтай болгох зохицуулалтуудыг тусгасан. Мөн цалингийн асуудал хөндөгдөж байгаа, холбогдох хуулийн дагуу өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарын цалинг Улсын Их Хурал тогтоодог. Монголбанкны ерөнхийлөгч Монгол Улсын шадар сайдын жишгээр, дэд ерөнхийлөгч нар Засгийн газрын гишүүний жишгээр тус тус цалинждаг. Монголбанкны ерөнхийлөгч нийт ажилтнуудынхаа цалинг тушаалаар тогтоодог бөгөөд энэ хооронд үүссэн зөрүүг шийдвэрлэх үүднээс төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан” хэмээн тайлбарлав.  

Ийнхүү дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Эдийн засгийн байнгын хороо хуралдав  
Үзсэн: 2124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй