
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.10) хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав.
Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хороонд албан ёсны статистикийн үйл ажиллагааг явуулахад нь туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй зөвлөл 2004 оноос ажиллаж ирсэн бөгөөд 2009, 2014 онуудад уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж байжээ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2004, 2009 онд тус тус батлахдаа гишүүдийг албан тушаалаар нь баталж байсан бол 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолд уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхдээ гишүүдийг нэр зааж баталсан аж. Зөвлөлийн гишүүдийн олонх нь албан тушаалаасаа өөрчлөгдсөн ба статистикийн мэдээ, мэдээллийн чанар, шуурхай, нэгдмэл байдлыг хангах үүднээс 2014 онд шинэчлэн баталсан зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлага үүсчээ.
Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхойгүй хугацаагаар томилдог ба гишүүдийг нэр зааж батлах нь тэд ажил, албан тушаалаасаа өөрчлөгдөх тухай бүрт бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүсгэж байгаа тул зөвлөлийн гишүүнийг албан тушаалаар нь томилж ирсэн уламжлалыг баримтлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гурван гишүүнийг УИХ-ын холбогдох Байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байна” гэж заасны дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгож байгааг танилцуулав. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар Засгийн газраас нэр дэвшүүлж буйг гишүүдийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг нэр дэвшүүлжээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн тус Байнгын хорооноос “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсныг төгсгөлд нь Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нар тодруулга хийсэн. Байнгын хорооноос Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж буй гурван гишүүний талаар зөвлөлдөх шаардлагатай гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Жавхлан тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Уг саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд дэлхийн улс орнуудын эдийн засгийн харилцаанд шинээр нэвтэрч байгаа блокчейн технологид суурилсан криптовалют, хиймэл оюун ухааны талаар Засгийн газарт чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулах тухай хэлэлцэв. Технологид суурилсан санхүүгийн цахим хэрэгслийн талаар нухацтай хэлэлцэх, судлах шаардлага бий гэдгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Баттөмөр нар онцолж байсан бөгөөд Байнгын хороо энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулах эсэхээр хэлэлцэх шаардлагатай тул хойшлуулах горимын саналыг Б.Жавхлан гишүүн гаргав. Байнгын хорооны дарга уг горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн. Ийнхүү Ажлын хэсэг байгуулах асуудлыг хойшлуулснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.
Төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа | ||
Үзсэн: 1056 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.