Шууд Chart

УИХ-ын тогтоолыг баталлаа

2018-01-12 21:21:30

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.01.12/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

Тогтоолын төсөлд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан уг хуульд заасан дүрэм, журам, заавар, аргачлалыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор батлах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангахыг Монголбанкинд даалгасан зохицуулалтыг тусгажээ.

Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг үндэслэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асуусан. Тэрбээр, баяр ёслол дөхөөд ирэхээр валютын ханшийг зохиомлоор өсгөдөг гээд валютын ханшийг буулгах боломж бий эсэхийг тодруулсан.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Манай улсын валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн онд төлбөрийн болоод худалдааны тэнцэл ашигтай гарсан гэлээ. Тэрбээр, цаашид монгол төгрөг ханшаа алдаж сулрахгүй, эдийн засгийн суурь үзүүлэлтээс харвал чангарна гэж үзэж байгаа гээд Монголбанк энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна хэмээн хариулав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Төв банкны тухай хууль баталсантай холбогдуулан гаргах дүрэм, журам, зааврыг хуульд нийцүүлэн гаргаж ажиллахыг захьсан.

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин тогтоолыг баталлаа.


УИХ-ын тогтоолыг баталлаа  
Үзсэн: 1103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй