Шууд Chart

“Морин хуур-2017” наадмын бүртгэл энэ сарын 25 хүртэл явагдана

2018-01-15 15:26:25

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2017” наадмын бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Энэ жил 31 дэх удаагаа болох уг наадмын зорилго нь үндэсний хөг эгшиглэгээ, өв соёлоо дээдлэх, Монгол дууны санг бүрдүүлэх, дууны төрөл хэлбэр, агуулгыг хөгжүүлэх, сайн бүтээл олшруулахын тулд мэргэжлийн талаас үнэлгээ, зөвлөгөө өгөх, оны шилдэг, шилдгийн шилдэг дууны хөгжмийн зохиолчийг тодруулахад оршиж байна.

Уралдаан мэргэжлийн, нийтийн, страд гэсэн гурван төрөлд явагдах агаад нэг уран бүтээлч төрөл бүрт хоёроос дээшгүй дуугаар оролцох боломжтой аж. Шалгаруулалт нь төрөл бүрд тэргүүн болон хоёр, гуравдугаар байр, тусгай шагналтай.

Бүртгэл энэ сарын 25 хүртэл Монголын хөгжмийн зохиолчдын холбооны байранд явагдах юм. Харин эхний шалгаруулалт энэ сарын 26, 27-нд болж, дараагийн шалгаруулалтад тэнцсэн 15 дууг ирэх хоёрдугаар сарын 2-нд Улсын филармонийн их танимд шүүнэ. Ийнхүү төсгөлийн гала тоглолтыг хоёрдугаар сарын 9-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулж, шилдгийн шилдгийг тодруулна.

Мөн шалгарсан 15 дууг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос нэгтгэж, цомог хэвлүүлэх гэнэ.

Сонирхуулахад өнгөрсөн жилийн тус наадмын гран при шагналын эзнээр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр "Тэнэгэр их тал" дуугаараа хүртсэн билээ. Уг дууны шүлгийг яруу найрагч Н.Баянмөнх бичиж, дуурийн дуучин Э.Анхбаяр дуулсан юм. 

1987 оноос эхтэй "Морин хуур" наадам 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсанаас хойш цар хүрээгээ тэлж, рок поп, нийтийн дууны олон төрлөөр өрсөлддөг болсон.

"Морин хуур-2016" наадамд гран при шагналтай найман уран бүтээлч оролцсоноос гадна ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг Монгол угсаатан уран бүтээлээрээ өрсөлдсөн юм.

“Морин хуур-2016” наадмын шилдэг дууг уншигч танаа эргэн сануулья.

ГРАНПРИ: “Тэнэгэр их тал”, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, шүлгийг Н.Баянмөнх, дуучин Э.Анхбаяр

I байр: “Гэгээн нутаг”, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, шүлгийг Х.Чилаажав, дуучин У.Далантай /МУГЖ/

II байр: “Аавтай орчлон”, хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн, шүлгийг Ч.Нандинцэцэг, дуучин Э.Очирсайхан

III байр: “Ийм л сайхан”, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, шүлгийг Б.Цэрмаа, дуучин Н.Нямсүрэн, Д.Дагиймаа

ТУСГАЙ БАЙР:

  • “Аав таныхаа дэргэд” Хөгжмийн зохиолч Н.Бат-Өлзий, шүлгийг О.Шинэбаяр, дуучин Ж.Эрдэнэчулуун
  • “Сөрж болдоггүй тавилан” Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, шүлгийг Л.Гаваасүрэн, дуучин Г.Ариунбаатар, Г.Эрдэнэтунгалаг
  • “Хаврын ганц улиас” Хөгжмийн зохиолч, шүлгийг Б.Чойжилсүрэн, дуучин Б.Сарантуяа, Б.Чойжилсүрэн
  • “Ардын дуу шиг аав минь”, xөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, шүлгийг Ү.Хүрэлбаатар, дуучин Б.Сарантуяа.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морин хуур-2017” наадмын бүртгэл энэ сарын 25 хүртэл явагдана  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй