
Монгол Улсын гавъяат тамирчин, олимп, ДАШТ-ий хос медальт Д.Оюунболд агсны гэгээн дурсгалд зориулсан дурсамж номын нээлт Сэлэнгэ аймгийн Биеийн тамирын спортын газарт боллоо.
Уншигч, бөх сонирхогчдын хүртээл болж буй “Монголоо дуурсгасан алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд“ номыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Т.Доржсүрэн эмхтгэн гаргажээ. Түүнчлэн Сэлэнгэ аймаг дахь “Барселон” олимпийн зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, аймгийн засаг дарга Ш.Оргил, Оюунболд агсны багын найз Мөнхтөр нар ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна.
Номонд Д.Оюунболд агсны бага залуу нас, ажил, амьдрал бөхийн спорттой холбоотой он жилүүдийн талаархи түүний дотны анд нөхөд, шавь нарын дурсамж, ярилцлагыг багтаасан байна.
Номыг санаачлагч Д.Эрдэнэбат “Д.Оюунболд маань сайн тамирчин, сайн дасгалжуулагч байсан төдийгүй хүнийхээ хувьд ч, зан чанарын хувьд ч өвөрмөц гайхамшигтай хүн байсныг энэ номонд харуулахыг зорьсон” гэв.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон алдарт бөхийн ах дүүс, шавь нар найз нөхөд ойр дотно явсан олон зочин хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн төдийгүй Монгол түмний бахархал болсон дэлхийн энтэй бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсаны хөшөө сүндэрлэсэн бол энэ удаа дурсамж ном нь олны хүртээл болж байна.
Олимп, ДАШТ-ий хос медальт Д.Оюунболд агсны тухай номын нээлт боллоо | ||
Үзсэн: 1575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.