Шууд Chart

Говь-Алтай аймгийн Шарга, Халиун суманд өвөлжилт хүндэрч байна

2018-01-17 14:33:38

Говь-Алтай аймгийн ихэнх нутаг өнгөрсөн зун газрын гарц муу байсан учраас бэлчээрийн даац хүндэрч аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч байна.

Аймгийн засаг даргын захирамжаар бүх сумын мал аж ахуйн багын малчин өрхөд хүрч ажиллах ажлын хэсэг, малчдын өвөлжилтийн төлөв байдалтай газар дээр нь танилцаж баг тус бүрт эм тариа, малчиддаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, санал бодлоо хуваалцлаа. Шарга суманд аймгийн нөөцөөс гаргасан хувиарт өвснөөс гадна нэмэлтээр олгох  шийдвэр гаргалаа.

Уг сум нь зундаа газрын гарц тааруу байсан учраас өнөөгийн байдлаар бүх багийн нутгаар цасан бүрхүүл тогтжээ. Цасны зузаан уулархаг нутгаараа 10-15см, хүйтний эрч өдөртөө 25-28, шөнөдөө 35-38 градусын хүйтэнтэй байгаа нь бүх багт мал сүргийн өвөлжилтийн байдал хүндэрхэд нөлөөлж байгааг сумын удирдлагууд хэлж байна.

Малчид муудаж, зутарсан малаасаа 3000 гаруйг нядалжээ. Шарга суманд одоогийн байдлаар 1121 тоо толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна.

Мөн уг аймгийн Баян-Уул, Жаргалан суманд өвөлжил хүнд байна. Уулархаг нутгаараа 90 хүртэл см зузаан цас тогтжээ. Тиймээс цаг алдалгүй зарим ажлыг хийх шаардлагатай болж буйг дуулгалаа. 

Халиун сум дөрвөн багтай. Түүнээс Сүүж, Олон булаг багийн тухайд өвөлжилт хүндрэлтэй байна. Халиун сумын тухайд мал аж ахуй, төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сумын аюулгүйн нөөцөд 17тн өвс нөөцөлсөн ч малчид гар дээрхи өвс тэжээлээ барж байгаа нөхцөл байдалтай байна.

Халиун суманд 420 малчин өрхийн 247.569 тоо толгой мал өвөлжиж байна. Цаашид өвс тэжээлийн нөөц зайлшгүй хэрэгтэй байгаа гэнэ. Одоогийн байдлаар малын хорогдол 420 тоо толгойд хүрсэн дүн мэдээтэй байна.

Зам даваа хаагдахаас өмнө шаардлагатай газарт өвс, тэжээл байршуулах, малчдаас хүнсний хэрэгцээнд нийлүүлэх мал, махыг нэгдсэн зохион байгуулалттайгаар бэлтгэхээр боллоо.

Ажлын хэсэг сум орон нутгийн удирдлагуудад цаашид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол цагт хүлээн авч, хүчтэй салхи, цасан шуургатай байж болзошгүй үед малчид, ард иргэдэд урьдчилан мэдээллийг сайн цацах, отроор яваа малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй үзүүлэхэд анхаарах, цас ихтэй газруудаас өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд яаралтай тусламж хүргэх, зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Говь-Алтай аймгийн Шарга, Халиун суманд өвөлжилт хүндэрч байна  
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй