Шууд Chart

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

2018-01-17 15:03:04

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.17) хуралдаанаар Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг дараа нь шийдвэрлэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав. Улсын Их Хурлаас баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн үйлчлэл 2012 онд дуусч, иргэд банкин дахь хадгаламжаа татах, банкны салбарт хямрал үүсэхээс сэргийлэх, банкин дахь иргэдийн хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагаар Улсын Их Хурлаас 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталсан. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд банкууд нэгдэх, нийлэх, эвсэх, эсхүл хөрөнгийг нь шилжлүүлэх зэрэг Монголбанкнаас албадан татан буулгахаас бусад банкны шилжүүлгийн арга хэмжээний үед банкны актив, пассив хоорондын зөрүүг нөхөх зорилгоор шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлж болох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.

Хадгаламжийн даатгалын корпорацийн бие даасан байдлыг сайжруулах талаар болон насанд хүрээгүй хадгаламж эзэмшигч, өвлөгдсөн хадгаламж тус бүр даатгалын нөхөн төлбөр авах өдрийг хурдасгах талаар болон хадгаламжийн даатгалын хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд-тэтгэвэр-нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байна. Төсөл батлагдсанаар хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэж, олон улсын зарчимд нийцэхийн сацуу иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэнэ хэмээн тооцсон байна. Мөн банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах буюу банкны хүндрэлээс үүдсэн хохирлыг даатгалын хураамжаас бүрдсэн хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, ОУВС-тай тохиролцсон хөтөлбөр бодлогын нөхцөлд биелэх чухал ач холбогдолтой аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж хамт өргөн мэдүүлсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр нар ажлын хэсгээс асуулт асууж Сангийн яам болон Монголбанкны удирдлагуудаас хариулт авлаа. Хадгаламжийн даатгалын корпорацийн санхүүгийн системд үзүүлэх  эдийн засгийн ач холбогдолыг нь нэмэгдүүлэх цаг нь болсон гэдгийг Б.Жавхлан гишүүн хэлээд Төв банкны мөнгөний бодлогын зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх бүрэн бололцоотой гэдэг санал хэлсэн юм. Банкны хадгаламжийн зах зээл дэх нөхцөл нь хөрөнгийн зах зээлийн хөрсийг эрсдэлд оруулдаг тал бийг Б.Баттөмөр гишүүн хэлээд санхүүгийн салбар дахь эрсдлийг арилжааны банкууд хуваалцах гарцыг хэрхэн тооцсон, хөшүүрэг арга хэмжээг хэрхэн тодорхойлсон, олон улсын туршлагыг нэвтрүүлэх тал дээр анхаарах нь зүйтэйг сануулж байв.

Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Энэ үеэр Байнгын хорооны дарга дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, З.Нарантуяа нар багтсаныг танилцууллаа.


Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй