
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.17) хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны өмнөх (2018.01.10) хуралдааны үеэр Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гурван гишүүнийг УИХ-ын холбогдох Байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байна” гэж заасан байдаг. Засгийн газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг нэр дэвшүүлсэн.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны дэд ерөнхийлөгч, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгосон бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жавхлан ШУА-ийн тухайн асуудал эрхэлсэн чиглэлийн ерөнхийлөгчийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах саналыг гаргав. Ийнхүү нэр дэвшигчдийг дэмжих эсэх болон УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
ҮСХ-ны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв | ||
Үзсэн: 1134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.