
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.01.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж, гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, монгол төрийн бодлого иргэн бүрийн сайн сайхны төлөө байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Төслийн танилцуулга дахь хорт хавдарын тоон үзүүлэлт бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үе үеийн системийн гажуудлын илрэл. 50-иас дээш насны хүмүүсийг жилд 1 удаа, 30-аас дээш насны эмэгтэй хүмүүсийг гурван жил тутамд нэг удаа үзлэг оношлогоонд оруулах зохицуулалтыг тусгасан уг төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа Х.Болорчулуун гишүүн хэллээ. Мөн тэрбээр өвчлөл гэдэг хувь хүний асуудал биш өрхийн, хэсэг бүлэг хүмүүсийн санхүү, амьжиргаанд хүндрэл болдог. Тиймд шинжилгээ өгөөгүй бол хариуцлага тооцох санкцыг тусгах саналтай байна гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ эрүүл мэнд, боловсролын салбарын төрөөс онцгойлон анхаарах ёстой гэдгийг хэлээд “Эрүүл мэндийн асуудал бол улсын хөгжил, ажлын байр, айл өрхийн орлоготой шууд хамааралтай байдаг. Орон нутгийн удирдлагын түвшинд хавдрын эрт илрүүлэлтийн асуудалд анхаарч үзлэг оношлогоог зохион байгуулсан амжилттай туршлагууд бий. Тодорхой үр дүнд хүрсэн. Тиймд хавдраас урьдчилан сэргийлэх, оношлох, эрт илрүүлэх асуудалд төр онцгой анхаарах шаардлагатай хэмээн үзэж дэмжиж буйгаа илэрхийллээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир, Д.Сарангэрэл нар мөн санал хэлж, байр сууриа илэрхийлсэн Ингээд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн Байнгын хорооны саналыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 48 гишүүний 25 хувь нь дэмжсэн юм. Иймд Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Хууль, тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 1175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.