Шууд Chart

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

2018-01-19 05:51:54

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.01.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газар өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны аравдугаар сарын 04-ний өдрийн ноот бичгээр Ерөнхий консулын газар нээх хүсэлт тавьсныг Гадаад харилцааны яам зохих журмын дагуу Монгол Улсын Засгийн газарт танилцуулан Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын “Консулын гэрээ”-г тус тус үндэслэн 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн ноот бичгээр зөвшөөрсөн хариу өгснөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн       Н.Оюундарь танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, батлан хамгаалах зориулалтаар олгосон зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах тухай асуудлыг өмнөх Засгийн газрын үед хэлэлцүүлэхэд бэлэн болсон байсан, энэ асуудлыг хэзээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гадаад улсын консулын газарт ашиглуулах газрын талаар тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримталж байгаа эсэх, газрын хэмжээг хэрхэн тохирсон талаар асуулт асууж хариулт авсан байна. УИХ-ын гишүүдээс тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Н.Оюундарь нар асуулт асууж ажлын хэсэг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаас хариулт авсан юм. Холбогдох конвенцийн дагуу хоёр улс адил хэмжээний газар нутгийг эзэмших зохицуулалттай бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ерөнхий консулын харьяа Замын-Үүдийн консул 1.2 га газрыг эзэмшдэг байна. Одоогоор 0.8 га газрын зөрүү үүсэхээр байгаа ч хоёр орны холбогдох талууд уг асуудлыг шийдвэрлэхээр зохих хэмжээний хэлцэл хийж байгаа гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд хэллээ.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн учир төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.


“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 2336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй