
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн (2018.01.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн үйлчлэл 2012 онд дуусч, иргэд банкин дахь хадгаламжаа татах, банкны салбарт хямрал үүсэхээс сэргийлэх, банкин дахь иргэдийн хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагаар Улсын Их Хурлаас 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталсан. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөлд банкууд нэгдэх, нийлэх, эвсэх, эсхүл хөрөнгийг нь шилжлүүлэх зэрэг Монголбанкнаас албадан татан буулгахаас бусад банкны шилжүүлгийн арга хэмжээний үед банкны актив, пассив хоорондын зөрүүг нөхөх зорилгоор шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлж болох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна. Хадгаламжийн даатгалын корпорацийн бие даасан байдлыг сайжруулах талаар болон насанд хүрээгүй хадгаламж эзэмшигч, өвлөгдсөн хадгаламж тус бүр даатгалын нөхөн төлбөр авах өдрийг хурдасгах талаар болон хадгаламжийн даатгалын хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд-тэтгэвэр-нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байна.
Төсөл батлагдсанаар хадгаламжийн даатгалын олон улсын үндсэн зарчимд нийцэх, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, банны хүндрэлээс үүссэн хохирлыг Хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, сангийн хөрөнгийг үр ашигтай оновчтой удирдах боломжийг бүрдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын ОУВС-тай тохиролцсон хөтөлбөр бодлогын түвшинд биелэх чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж хамт өргөн мэдүүлсэн байна.
Эдийн засгийн байнгын хороо төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжжээ. Хэлэлцүүлгийн явцад Хадгаламжийн даатгалын корпорацийн эдийн засаг, санхүүгийн системд үзүүлэх ач холбогдлыг нэмэгдүүлэх, тус корпорациар дамжуулан мөнгө угаах асуудлуудыг хянах боломжийг судлах, банкууд эрсдлээ үүрэн энэ төрлийн корпораци байгуулдаг олон улсын жишгийг судлах зэрэг саналыг гишүүд гаргажээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нар асуулт асууж зарим зүйлийг тодруулав. Харин тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Баттөмөр нар дэмжиж байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, С.Жавхлан нар дэмжихгүй байгаагаа хэлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв | ||
Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.