
МХБХ-ны футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий хамгийн том буюу 16 хүртэлх насны ангиллын тэмцээн дуулиантай болж өнгөрлөө. Шигшээ тоглолтод учирсан “ДМЮ”, “Дэрэн” гэсэн мөнхийн өрсөлдөгчдийн тулаан “Футзалын ордон”-д хуран цугларсан олныг уулга алдуулж, үеийн үед дурсагдахаар гайхалтай болж чадав.
Футзалын өсвөр үеийнхний УАШТ-д түрүүлэх сүүлийнхээ боломжийн өмнө ирсэн хоёр багийн тулаан С.Гэрэлт-Од дасгалжуулагчтай “Дэрэн” клубын давамгайллаар эхэлж, эхний хагаст 3:0-ээр тэргүүлсэн.
Улмаар хоёрдугаар үеийн дунд хэсэгт багийн ахлагч Г.Бат-Оргил тооны харьцааг 4:0 болгож холдуулсан нь олон хүнд тоглолтын хувь шийдэгдсэн мэт сэтгэгдлийг төрүүлсэн биз ээ. Дөрөв дэх гоол орсны дараа тоглолтын цаг дуусахад долоохон минутын хугацаа үлдээд байлаа.
Гэвч энэ тэмцээнд олон жилийн турш азгүйтэж, мөнгө, хүрэл хүртэхээс илүү амжилт үзүүлж байгаагүй “ДМЮ”-ын хөвгүүд сүүлчийн боломжоо алдахыг хүссэнгүй, эцсийн шүгэл хүртэл тэмцсэн нь тоглолтыг дэндүү галзуу болгосон юм. Тэд футзалын спортын хамгийн эрсдэлтэй алхам хийж, хаалгачаа суулгаж, тав дахь тоглогчоо оруулж тоглуулсан нь гайхалтай амжилтад хүрч, У.Анхбаяр 23, 29, М.Тэмүүжин 27, 28 дахь минутад гоол хийснээр үндсэн цагт 4:4-өөр тэнцэв.
Уур амьсгал дээд цэгтээ тулсан энэхүү тоглолтын ялагчийг зургаан метрийн торгуулийн цохилтоор тодруулахад “ДМЮ” 4:3-аар илүүрхэж, хүсэн хүлээсэн цомоо сүүлийнхээ боломжинд өөрийн болголоо. Харин “Дэрэн”-гийн энэ насны хөвгүүд энэхүү тэмцээнээс гурван жил дараалан мөнгөн медальтай хоцорсон юм. Энэхүү гайхамшигт шигшээ тоглолтыг бүтээсэн “Дэрэн”, “ДМЮ” тэмцээний “В” хэсэгт хамт орж, УАШТ-ий эхний өдрийн тоглолтод 1:1-ээр тэнцсэн.
Улмаар аль аль баг нь хэсгийн нөгөө хоёр өрсөлдөгчөө олон бөмбөгний зөрүүтэй хожсоноор хэсгээс +22 гоолтой “Дэрэн” нэгдүгээр, +21 гоолтой “ДМЮ” хоёрдугаар байраар шалгарсан. Хасагдах шатны тоглолтуудад ч гал гарсан бөгөөд “Дэрэн” шөвгийн наймд “Халиун од”-той 3:3-аар тэнцэж, торгуулийн цохилтоор 2:1-ээр, хагас шигшээд хүчтэй өрсөлдөгч “Арвис”-ыг 3:2-оор хожсон бол “ДМЮ” шөвгийн наймд энэ насны ангиллын лидерийн нэг “Хараацай”-г 4:2-оор, хагас шигшээд “Эрхэс”-т 0:2-оор хожигдож яваад гурван гоол хийж шигшээ тулаанд шалгарсан билээ.
УАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” М.Галмөнх дасгалжуулагчтай “Эрхэс”-ийг 4:3-аар хожсон бөгөөд тэмцээний шилдэг хаалгачаар Б.Чингүүн (ДМЮ), шилдэг довтлогчоор Б.Намсрайдорж (Арвис), шилдэг тоглогчоор Д.Өнөбилэг (Эрхэс) шалгарав.
“ДМЮ”-ын гайхалтай эргэн ирэлт аваргын цом авчирлаа | ||
Үзсэн: 3458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.