Шууд Chart

Д.Түвшинсайхан: Үзэгчид бидэнтэй хамт дуулсан ч болно

2018-01-24 10:33:58

Морин хуурын чуулгын уран бүтээлчид сар шинийн баярын өмнө үзэгчдэд хүргэдэг уламжлалт “Торгоны хээ” тоглолтоо ирэх сарын 7, 8-нд хийхээр болжээ. Энэ удаагийн тоглолт ямар уран бүтээлүүдээс бүрдэж байна, өмнөх тоглолтуудаас юугаар ялгаатай вэ гэх зэрэг мэдээлэл авахаар тус чуулгын удирдаач Д.Түвшинсайхантай холбогдсон юм.

-“Торгоны хээ” тоглолт шинэ, содон зүйл ихтэй юү?

-Бид Монгол ардын дуунуудыг “Буриад”, “Төв халх”, “Хүрээ дуу” гэх зэргээр бүсчилсэн байдлаар бэлтгэж сонсгож ирсэн. Эх орны хоймор нутаг орчмын дуу, хөгжмийг л үлдээгээд байлаа. Нэлээд судлах шаардлагатай байгаа болохоор дараа жил болгож хойшлуулсан. Тиймээс энэ удаа “Торгоны хээ”-дээ өмнөх жилүүдийн тоглолтын шилдэг номеруудыг шинээр хийсэн бүтээлүүдтэй сүлж хөтөлбөр гаргасан. Урьд нь хөгжмийн найруулгууд голдуу сонсгож байсан бол одоо дууны уран бүтээлд нэлээд анхаарч байна. Өмнө нь дээд тал нь гурван дуучин дуулж байсан, харин энэ жил зургаа болсон. Манай Филармонийн дуучин, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, “Түмэн эх” чуулгын дуучин Г.Бямбажаргал, Ардын жүжигчин Х.Уртнасан багшийн шавь, Орост дуулаачаар суралцаж төгссөн Бямба-Эрдэнэ нарын уран бүтээлчид дуулна. Сонирхолтой шинэ бүтээлүүд бий. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров багшийн мэргэжлийн дуулаачдад зориулж бичсэн 12 дууны хоёрыг нь анх удаа үзэгчдэд хүргэнэ. “Торгоны хээ” нь “Гайхамшигт ардын дуу” цуврал тоглолтын хүрээнд болдог юм. 

-Та удирдан тоглуулах уу. Морин хуурч, залуу удирдаач Н.Жигжиддорж оролцох уу?

-Би удирдана. Тоглолтод ирэх үзэгчдээ үндэсний дээл, хувцастай ирэхийг санал болгож байгаа юм. Монголын уламжлалт баяр цагаан сард зориулсан тоглолт тул баярын уур амьсгалтай байх юм. Үзэгчдэдээ таатай орчин бүрдүүлэхийг хичээж байна. 

-Баярын уур амьсгал бүрдэхэд үзэгчдийн сэтгэл хөдлөх талтай. Дуучдыг дагаж дуулах нь уу гэхээр суудал дээрээ байж ядах нь ч байдаг. Хамт дуулж арай болохгүй юу?

-Болно шүү дээ. Тэгэх тусмаа гоё.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Түвшинсайхан: Үзэгчид бидэнтэй хамт дуулсан ч болно  
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй