Шууд Chart

“Хавар” олон ангит уран сайхны киноны сонирхолтой баримтууд

2018-01-25 11:39:50

МҮОНРТ-ийн бүтээл “Хавар” олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод буй. Уг киноны талаарх сонирхолтой баримтыг уншигч танаа хүргэе. 

  • “Хавар” олон ангит уран сайхны кино нь МҮОНРТ-ээр гарч буй анхны 4К форматын буюу хамгийн орчин үеийн, өндөр нягтаршилтай дүрсээр авсан бүтээл. Олон улсын форматад нийцсэн, анги болгон нь 40 минут үргэлжилдэг. Нийт 19 ангитай юм. 
  • “Хавар” кино нь “Юнител” компанийн “Номадиа Пикчерс” болон МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн анхны хамтын бүтээгдэхүүн бөгөөд зураг авалт нь 2017 оны наймдугаар сараас эхлэн гурван сар үргэлжилсэн. 
  • “Хавар” олон ангит киног МҮОНРТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакцийн найруулагч Л.Ариунжаргал (“Хэцүү анги“, “Хоймор өнжих нар”) баг бүтээж, МҮОНРТ-ийн талаас захирал Л.Нинжжамц, “Номадиа Пикчерс”-ын талаас Б.Наранбат, Б.Мөнхтуяа нар продюсерээр ажилласан. 
  • “Хавар” олон ангит кино өнөөгийн залуусын амьдралын баяр баясгалан, зовлон бэрхшээл, ирээдүйг зорих хүч эрмэлзэлийг харуулсан, орчин үеийн хөгжим, дуугаар чимсэн, тушлагатай бөгөөд олон залуу жүжигчид, уран бүтээлчдэд тулгуурласан шинэ үеийн кино болсон юм. Тус киноны үйл явдал хувцас загварын дизайн, үл хөдлөх хөрөнгө зэрэг санхүүгийн зах зээлийн олон салбарт өрнөнө. 
  • “Хавар” кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Тунгалаг, Ж.Оюундарь, жүжигчин Х.Бат-Ундрал, Н.Амарсанаа, Б.Отгонбат, Д.Хишигдэлгэр нар тоглож, гол дүрүүдийг залуу дуучин, жүжигчин Х.Жүлдыз, Ц.Анхбаяр, Ц.Асардарь, Г.Ганбат нар бүтээсэн юм. Дүрүүдэд Ж.Уянга, Ж.Намуун, Э.Аззаяа, Т.Бэлгүтэй, Г.Мишээл, Э.Мөнхтөр, Д.Дагиймаа, Д.Сарангэрэл, Г.Алтангэрэл нар тоглож, Монголын өнөөгийн залуучуудын эрч хүч, хүсэл мөрөөдлийг харуулж буй.  
  • “Хавар” кино нь зохиол, орчин үеийн шинэлэг, оригинал дуу олонтой. Тус кинонд зориулж залуу дуучин Ж.Намуун, Б.Ганга, Оргил нар тусгайлан найман дуу бичсэн бөгөөд аниме зургийг Э.Энххүслэн бүтээжээ.  
  • Киноны зохиолыг бүтээж, залуу дуучдын бүтээлийг бий болгоход Швейцарын Хөгжлийн Агентлаг анх санаачилж, олон байгууллага, аж ахуйн нэгж зохиол болон киноны зураг авалтад туслалцаа үзүүлж, өргөнөөр хамтран ажилласан аж. 
  • “Хавар” киноны товч агуулга: Тансаг орчинд өссөн ч, эгзэгтэй үед өөрийн чадлаараа гэр бүлийн бизнесээ аврах хүнд сорилтой тулгарах Маралын хорвоо, дэлхийн түвшний дизайнер болох нандин мөрөөдлөө өвөртөлсөн ч, өдөр тутмын амьдралаа авч явах, эмээ дүүгийнхөө төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа Билгээгийн амьдрал тохиолдлоор, ар араасаа ээлжилсэн гэнэтийн санаандгүй үйл явдлуудаар хувь тавилангаар холбогдоно.

Билгээ, Марал хоёрын хооронд анхнаас үл ойлголцол үүсч, аль алинд нь хувь заяаны томоохон сорилт тохиолдох боловч хайр, зүтгэл, хөдөлмөр, гэр бүлийн үнэт зүйлс даван туулахад нь дэм болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хавар” олон ангит уран сайхны киноны сонирхолтой баримтууд   
Үзсэн: 4795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ганболд [66.181.160.xxx] 2018-01-25 22:49
Ухаарал авхаар сайхан кино болжээ

Бидэнтэй нэгдээрэй