
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.01.26) хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийсэн юм.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлжээ. Эдгээр улсаас өнөөдрийн байдлаар 37 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай юм. Одоогоор Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа аж. Иймээс эдгээр 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.
Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Ингээд Монгол Улс Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай санал хураалтыг улс тус бүрээр явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.