Шууд Chart

Хөнгөвчлөх эмчилгээний талаар салбар дундын хэлэлцүүлэг өрнөлөө

2018-02-01 13:22:09

Иргэдийн дунд хөнгөвчлөх эмчилгээ, тусламж үйлчилгээ гэхээр зөвхөн хорт хавдар өвчнөөр өвдсөн тохиолдолд л хамааралтай хэмээх ташаа ойлголт байдаг. Хөнгөвчлөх эмчилгээ нь өвчин нь идэвхтэй даамжирч, илаарших боломжгүй, тавилан нь хязгаарлагдмал болсон өвчтөн ба түүний гэр бүл, асарч, халамжилж буй хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн эмчилгээ, асаргаа, үйлчилгээ, сургалт, удирдлагыг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг.

Анагаахын шинжлэх ухааны талаас бол өвчин нь илаарших боломжгүй болсон, үсэрхийлэлтэй хорт хавдар, улаан хоолой нарийссан учир хоол идэж чадахаа больсон, турж эцсэн, зүрх уушгины архаг дутагдалтай, элэгний хатуурлаас хэвлийд их хэмжээний шингэн хурсан, бөөрний архаг дутагдалтай, диализ нэмэргүй болсон, их хэмжээний харвалт эсвэл тархины хүнд гэмтлээс мөчид нь мэдээгүй болсон, хэвтрийн цооролт үүссэн, насны доройтолд орсон, ДОХ, эмэнд дасалтай сүрьеэ зэрэг өвчтэй хүмүүсийн амьдрал, өвчний төгсгөлийн шатанд өвдөлт, зовиур, шаналгааг хөнгөвчлөх бүхий л тусламж үйлчилгээг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэмээн үзэх болсон.

Үүнтэй холбогдуулан Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс өнөөдөр хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, эмчилгээний талаар салбар дундын хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус хэлэлцүүлэгт, АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор, профессор Д.Одонтуяа, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон тус аймгийн холбогдох албаны хүмүүс, ӨЭМТ-ийн удирдлагууд оролцлоо.  

ДЭМБ-аас хөгжиж буй орнуудад 100 мянган хүн ам тутамд 8-10 хөнгөвчлөх тусламж үйлчилгээний ортой байхыг зөвлөдөг. Харин манай аймагт одоогоор хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд 14 ор ашиглагддаг. 2017 оны байдлаар манай аймагт нийт 493 хүн нас барж, 10.000 хүн ам тутамд 4.8 тохиолдол бүртгэгдсэн. Нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судас, хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл, амьсгалын замын өвчлөлүүд ордог байна. ДЭМБ-ын зүгээс нийт нас баралтын 60 хувьд нь хөнгөвчлөх тусламж шаардлагатай байдаг гэсэн судалгааг гаргажээ. Өөрөөр хэлбэл 2017 онд нас барсан 493 хүний 300 орчимд нь хөнгөвчлөх тусламж хэрэгтэй байсан нь харагдаж байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 1343 өвчтөнд хөнгөвчлөх тусламж хэрэгтэй ба үүний 398 нь хавдрын 3-4 дүгээр үе шатандаа байгаа өвчтөнүүд юм. Мөн тархины цус харвалт, зүрх уушгины архаг дутагдал, чихрийн шижингийн хүндэрсэн хэлбэр, сүрьеэ, бөөрний архаг дутагдал гэх мэт өвчлөлүүдээс шалтгаалан хөнгөвчлөх тусламж авах шаардлагатай иргэд байна.

Орхон аймгийн хувьд хорт хавдартай иргэдийн эмийн зардалд дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд 2017 онд нийт 916 хүнд 124 сая төгрөг, дотоод гадаадын эмчилгээнд явахад зориулан мөн тодорхой тооны мөнгөн тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн манай аймагт хорт хавдартай өвчтөнд химийн эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд эм тарианы зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэн 20 сая төгрөг зарцуулжээ. БОЭТ-д хоёр өрөөг хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр тохижуулан, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.

Орхон аймгийн хувьд энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хувьд бусад аймгуудаас харьцангуй сайн гэсэн үнэлгээтэй байдаг.


Хөнгөвчлөх эмчилгээний талаар салбар дундын хэлэлцүүлэг өрнөлөө  
Үзсэн: 1654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй