
УИХ-ын чуулганы өчигдрийн (2018.02.01) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.
Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийх үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуульд нийцүүлж төслийн зарим зүйл, заалтууд дахь нэг томъёог өөрчлөх, даатгалын хураамж тооцох аргачлалд банкны эрсдлийн түвшинг тооцохдоо хяналт шалгалтын үнэлгээ, хадгаламжийн хүүгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж болох чиглэлээр төсөлд өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Эдгээр саналыг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Хадгаламжийн даатгалын корпорацид хяналтын эрх байх шаардлагагүй тул төслөөс үүнтэй холбоотой бүх зүйл, заалтыг хасах санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжээгүй байна. Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал дүгнэлтээ ирүүлсэн талаар танилцуулгад дурдсан.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нарын асуултад Байнгын хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ нар хариулт өгсөн юм. Монгол Улсын нийт харилцах хадгаламжийн хэмжээ 17.5 их наяд төгрөг байгаа бөгөөд үүний 4.3 их наяд төгрөгийн хадгаламж даатгуулсан байдаг талаар Б.Баттөмөр гишүүн мэдээлэл өглөө. Сангийн хөрөнгө 337 тэрбум төгрөг бөгөөд нийт харилцах хадгаламжтайгаа харьцуулахаар энэ нь 1.88 хувь, даатгагдсан хадгаламжийн хэмжээтэй харьцуулахад 7.8 хувь байдаг байна. 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсаны дагуу банкуудаас төвлөрүүлсэн хураамж, Монголбанк болон Сангийн яамнаас өгсөн хөрөнгө, тэдгээрийг хуульд заасны дагуу Засгийн газрын үнэт цаас, Төв банкны үнэт цаас болгон байршуулсны өгөөж нийлээд өнөөдрийн байдлаар сангийн хөрөнгө 337 тэрбум төгрөг байгаа гэлээ.
Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд юм. Корпораци даатгалтай хадгаламжийн харилцааг хариуцан ажилладаг бөгөөд хүүг даатгахгүй, харин хадгаламжийг даатгадаг байна. Байгууллага 29 ажилтантай бөгөөд даатгалын тохиолдол үүсвэл хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар даатгалын тохиолдол үүсээгүй гэдгийг корпорацийн удирдлагын зүгээс танилцууллаа. Ийнхүү Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 1405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.