
Тун удахгүй шинэ жил болох гэж байна. Энэ баярыг тохиолдуулаад телевизийн суваг бүрээр компаниуд бараа бүтээгдэхүүний үнээ буулгалаа, баярын хямдрал хэмээн рекламдаж хүмүүс ч хямдарсан дээр нь гэсэн шиг дэлгүүр хоршоо руу гүйлдсээр. Миний хувьд ч шинэ он гарах гэж байгаатай холбогдуулан зурагтаа шинэчлэх санаатай хэд хэдэн электрон барааны дэлгүүрээр орж үнэ сонирхвол бараа бүтээгдэхүүний үнэ буусан шинж нэг их мэдэгдээгүй ба харин нэг том худалдан авалт хийвэл хэд хэдэн жижиг бараа дагалдуулан өгөх нь үнийн дүндээ таарсан байх нь эргэлзээ төрүүллээ.
Яг надтай адил бодолтой олон иргэд хэвлэл мэдээллээр гарч буй рекламны дагуу худалдан авалт хийхээр ирсэн байсан төдийгүй өө хямдарсан юм алга л байна шүү дээ гэх яриа чиний хажуугаар дуулдах нь эргэлзээг маань улам л лавшруулж орхилоо. Хүсэж байсан зурагтаа ч авч чадалгүй гэртээ харьсан миний бие интернэт хэссэн шиг энд тэндхийн юм ухаж суутал загатнасан газар маажих шиг baabar.mn-ын нийтлэлч Аанхаа “Өлөн” гэсэн нийтлэлийг уншаад нээрээ л бид ийм зүйлд хууртдаг юм байна шүү дээ гэх бодлыг маань лавшруулсан юм.
Тэр нийтлэлд иргэд хэрэглэгчийн боловсрол, мэдлэг дутуу дулимаг, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн ойлголт дутмагийг ашиглан бүхий л үйлчилгээний салбарууд иргэдийн халаасыг хэрхэн сэгсэрдэг тухай бичсэн байх юм. Сониуч зандаа хөтлөгдөн иргэд, хэрэглэгчдийг энэ мэтээр хохироож, хуурч мэхэлж, төөрөгдүүлэн бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан тохиолдолд арга хэмжээ авдаг байгууллага, хуулийн заалт байдаг эсэхийг судалж үзвэл ШӨХТГ иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ажилладаг болохыг мэдэж авлаа.
Тухайлбал энэ жил гэхэд л тэднийх бидний сайн мэдэх сүлжээ дэлгүүрийн хэрэглэгчийг хууран мэхлэх замаар зар сурталчилгаа явуулж байсныг зогсоож байжээ. Тухайлбал тэр дэлгүүр 40,000 төгрөгийн худалдан авалт бүрт нэг сугалаа дагалдуулна хэмээн зар сурталчилгаагаа бүх л мэдээллийн хэрэгсэлээр явуулсан байх юм.
Тиймээс хүмүүс сугалаанд оролцохоор хэд хэдэн өдөр худалдан авалт хийсэн толаноо барин уг байгууллагад хандтал “Уучлаарай та зөвхөн нэг өдрийн дотор л 40,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол хүчинтэй” гэсэн хариултыг өгч олон хүмүүсийн уур бухимдлыг баржээ. Энэ гомдлын дагуу тус байгууллага шалгатал уг зар сурталчилгаа нь иргэдийг төөрөгдүүлэх зорилго бүхий байсныг талсан зогсоож чадсан байна.
Мөн “Isquare store” дэлгүүр нь гар утасны хямдралтай худалдааны зар сурталчилгааг Масс мэйлээр хэрэглэгчид рүү явуулахдаа тухайн барааны хямдарч байгаа үнийг хэрэглэгчдэд зарж байгаа үнэ мэт ойлгогдохоор явуулж байсан зөрчлийг таслан зогсоосон байх юм.
Тэгвэл гадны улс орнуудад хэрэглэгчийг хуурч, төөрөгдүүлэн бараа бүтээгдэхүүнээ борлуулсан байх юм бол нэлээн “хатуухан” шийтгэл хүлээдэг аж. Тухайлбал энэ онд гэхэд Австралийн Хэрэглэгч болон Өрсөлдөөний Хорооноос Коллингвүүд хөлбөмбөгийн клубыг тоглолтынхоо зар сурталчилгааг явуулахдаа гишүүнчлэлийнхээ картаар 20 долларын өмсгөлийг үнэ төлбөргүйгээр авна гэсэн мөртлөө яг өмсгөл авах гэхээр өмсгөлөө үнэтэйгээр зарж байсан нь хэрэглэгчдэд буруу зар сурталчилгаа түгээж хууран мэхэлсэн хэмээн үзэж 20.400 доллараар торгосон байдаг.
Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа буюу шинэ жилийн хямдрал | ||
Үзсэн: 2990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.