Шууд Chart

Энх цагийн терминаторууд амьдрал дээр биеллээ олж байна...

2026-07-30 10:58:33

Хүн дүрст робот өнөөдөр шинжлэх ухааны уран зөгнөлт киноны дүр байхаа больж, бодит үйлдвэрийн шугамд ажиллаж эхэлжээ. Автомашины үйлдвэр, агуулах, логистикийн төвүүдэд ийм роботуудыг турших төслүүд эрчимжиж, зарим нь хүний хамт өдөр тутмын ажилд оролцож байна. Тэгвэл яагаад үйлдвэрлэгчид заавал хүнтэй адил хэлбэртэй робот бүтээхийг зорьж байгаа вэ? Ирээдүйд тэд ямар ажил гүйцэтгэх боломжтой вэ? Энэ талаар товчхон хүргэе.


  • Яагаад заавал хүн дүрст гэж...?

Үйлдвэр, агуулах, оффис, эмнэлэг зэрэг орчныг хүний биеийн бүтэц, хөдөлгөөнд тохируулан төлөвлөсөн байдаг. Шат, хаалга, бариул, багаж хэрэгсэл, унтраалга зэргийг хүн ашиглахаар бүтээсэн учраас хоёр гар, хоёр хөлтэй робот тухайн орчинд их хэмжээний өөрчлөлт хийхгүйгээр ажиллах боломжтой. Иймээс үйлдвэрлэгчид ажлын байрыг бүхэлд нь роботод нийцүүлэн өөрчлөхөөс илүү роботыг хүний орчинд дасан зохицохоор хөгжүүлж буй юм.

Nvidia компани хүн дүрст роботыг хүний биеийн бүтцэд тулгуурласан, хүнтэй зэрэгцэн ажиллаж бүтээмжийг нэмэгдүүлэх зориулалттай ерөнхий хэрэглээний робот хэмээн тодорхойлжээ.


  • Зөвхөн хиймэл оюун ухаан хангалтгүй

Хүн дүрст роботын хамгийн том сорилт нь зөвхөн “ухаантай” болгох асуудал биш. Робот тэнцвэрээ алдахгүй алхах, шат өгсөх, жижиг эд зүйл барих, хүний хажууд аюулгүй ажиллахын тулд олон мэдрэгч, хөдөлгүүрийн нарийн удирдлага, бодит цагийн тооцоолол, эрчим хүчний хэмнэлттэй электрон системүүдийг харилцан уялдуулах шаардлагатай. “Электроник Спесифайер” цахим сэтгүүлд дурдсанаар хүн дүрст роботын хөгжлийн гол өрсөлдөөн нь илүү хүчирхэг хиймэл оюун бүтээхээс гадна бага эрчим хүч зарцуулдаг, найдвартай электрон шийдэл боловсруулахад төвлөрчээ. Хүн дүрст робот нь олон төрлийн ажил гүйцэтгэх боломжтой ч хурд, нарийвчлал шаардсан давтамжтай ажиллагаанд уламжлалт үйлдвэрийн робот илүү үр ашигтай хэвээр. Олон улсын Роботын холбоо хүн дүрст роботыг үйлдвэрлэлийн тусгай зориулалтын төхөөрөмжийг шууд орлох бус, өөрчлөгдөж байдаг орчинд олон төрлийн үүрэг гүйцэтгэх боломжтой шийдэл хэмээн үзэж буй юм.


  • Роботын “хамгийн хэцүү эрхтэн” нь гар

Инженерүүдийн үзэж буйгаар хүн дүрст роботын хамгийн төвөгтэй хэсгүүдийн нэг нь алхах бус, хүний гарын хөдөлгөөнийг дуурайлган гүйцэтгэх чадвар юм. Хүний гарын олон үе мөч, булчин нарийн уялдаатай ажилласнаар эмзэг эд зүйл өргөхөөс эхлээд угсралтын ажиллагаа хүртэл гүйцэтгэдэг. Үүнийг роботод хэрэгжүүлэхэд өндөр нарийвчлалтай мэдрэгч, барих хүчний удирдлага, хөдөлгөөний тооцоолол болон хиймэл оюуны хослол хэрэгтэй. Робот эд зүйлийн хэлбэр, жин, гадаргууг танихаас гадна ямар хүчээр барихаа агшин зуур тооцоолох ёстой. Хэт чанга атгавал эд ангийг гэмтээж, сул баривал унагах эрсдэлтэй тул гарын хөдөлгөөн нь хүн дүрст роботыг бодит ажилд нэвтрүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой.


  • Энэ салбарт БНХАУ, АНУ хөгжлийг тэргүүлж байна

Хүн дүрст роботын хөгжлөөр БНХАУ, АНУ болон Европын зарим улс тэргүүлэх байр суурь эзэлж буйг Олон улсын Роботын холбоо тэмдэглэжээ. БНХАУ хүн дүрст роботыг олноор үйлдвэрлэх тодорхой зорилт дэвшүүлсэн бол АНУ-ын технологийн компаниуд хиймэл оюун, хөдөлгөөний удирдлага болон ерөнхий зориулалтын робот хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулж байна. Европын компаниуд автомашин, машин үйлдвэрлэлийн салбарт хүн дүрст роботыг аюулгүй ашиглах туршилтад түлхүү анхаарчээ.

Үйлдвэрийн роботын нийт зах зээлийг авч үзвэл БНХАУ дэлхийд тэргүүлдэг. Тус улсын үйлдвэрүүдэд 2024 онд 295 мянга гаруй робот шинээр суурилуулсан нь дэлхий даяарх нийт суурилуулалтын 54 хувьтай тэнцжээ. Мөн БНХАУ-ын үйлдвэрүүдэд ажиллаж буй роботын тоо хоёр сая давсан байна. Гэхдээ эдгээр нь бүх төрлийн үйлдвэрийн роботын үзүүлэлт бөгөөд хүн дүрст роботын тоо биш юм. Хүн дүрст роботын зах зээл харьцангуй шинэ тул улс орнуудын бодит хэрэглээг нэг ижил аргачлалаар харьцуулсан бүрэн статистик одоогоор хомс хэвээр.


  • Автомашины үйлдвэрлэл гол туршилтын талбар болжээ

Хүн дүрст роботыг бодит орчинд туршиж буй гол салбар нь автомашины үйлдвэрлэл юм. Үйлдвэрийн шугамд эд анги зөөх, ангилах, байрлуулах, хүний биед ачаалал ихтэй давтамжтай ажлыг гүйцэтгүүлэх туршилтууд өргөжиж эхлэв. Германы BMW групп АНУ-ын Өмнөд Каролина муж дахь Спартанбургийн үйлдвэрт хүн дүрст робот туршсан. Компанийн мэдээлснээр уг робот 2025 онд арван сарын турш ажиллаж, 30 мянга гаруй автомашины үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлжээ. BMW үүний дараа Германы Лайпциг дэх үйлдвэртээ хүн дүрст робот туршихаар төлөвлөсөн байна.

Мерседес-Бенц компани мөн Апптроник компанийн “Аполло” роботыг үйлдвэрлэлийн орчинд туршиж, эд анги болон модулийг ажилтнуудад хүргэх зэрэг үүрэгт ашиглажээ. Энэ нь мэргэжлийн ажилтныг бүрэн орлуулах бус, хүнд болон давтамжтай ажлын ачааллыг бууруулахад чиглэсэн туршилт юм. Автомашины үйлдвэрлэлээс гадна агуулах, логистик, электрон бүтээгдэхүүний угсралт зэрэг салбар хүн дүрст роботын гол хэрэглэгч болох төлөвтэй. Эдгээр орчинд хайрцаг зөөх, бараа ангилах, тавиурт байрлуулах, эд анги хүргэх зэрэг олон дахин давтагддаг ажил түгээмэл байдаг.


  • Автоматжуулалт хурдацтай өсөж байна

Олон улсын Роботын холбооны мэдээллээр 2024 онд дэлхий даяар 542 мянган үйлдвэрийн робот шинээр суурилуулжээ. Энэ нь арван жилийн өмнөхөөс хоёр дахин өндөр үзүүлэлт бөгөөд жилд суурилуулсан роботын тоо дөрөв дэх жилдээ дараалан 500 мянгыг давсан дүн юм. Шинээр суурилуулсан роботуудын 74 хувь нь Азид, 16 хувь нь Европт, есөн хувь нь Америк тивд ногджээ. Энэ статистикт уламжлалт үйлдвэрийн роботууд багтдаг бөгөөд хүн дүрст роботын тоог илэрхийлэхгүй.

Гэхдээ үйлдвэрлэлийн автоматжуулалт эрчимтэй тэлж, робот ашиглах дэд бүтэц, мэргэшсэн ажиллах хүч болон удирдлагын тогтолцоо бүрдэж буйг харуулна.


  • Ирээдүй ямар байх вэ?

Одоогоор хүн дүрст роботууд уламжлалт үйлдвэрийн роботыг орлох хэмжээнд хүрээгүй. Хөдөлгөөний хурд, нарийвчлал, найдвартай ажиллагаа, үйлдвэрлэлийн өртөг, батарейн ажиллах хугацаа болон аюулгүй байдлыг цаашид сайжруулах шаардлагатай хэвээр. Гэсэн ч автомашины үйлдвэрлэл, агуулах, логистикийн салбарт туршилтын хэрэглээ өргөжиж, зарим робот бодит үйлдвэрлэлийн шугамд ажиллаж эхэлжээ.

Хиймэл оюун, мэдрэгч, тооцоолол болон хөдөлгөөний удирдлагын технологи хөгжихийн хэрээр тэдгээрийн гүйцэтгэх ажлын хүрээ тэлэх төлөвтэй. Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүн дүрст роботын хөгжлийн гол зорилго нь хүнийг дүрсээр нь дуурайх бус, хүний өдөр тутмын орчинд аюулгүй, найдвартай, эдийн засгийн үр ашигтай ажиллах систем бий болгоход оршино.

Эх сурвалж: Electronics Specifier, International Federation of Robotics (IFR), NVIDIA, BMW Group, Mercedes-Benz Group.


Энх цагийн терминаторууд амьдрал дээр биеллээ олж байна...  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй