Шууд Chart

Б.Шаравын уран бүтээлийн “Их дуурьсал” тоглолт маргааш болно

2018-03-16 08:13:19

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын уран бүтээлийн “Их дуурьсал” тоглолт маргааш болно.

Улсын филармони, Морин хуурын чуулгын санаачилсан уг тоглолт “Корпорэит конвеншн сентр”-т зохион байгуулагдах аж.

Уг тоглолт гурван хэсгээс бүрдэж буй.

Эхлэл хэсэгт ард түмний сонсох дуртай “Тэнгэрийн орон” симфони удиртгал, “Гэгээн алсад одохуй”, “Баярын уянга”, “Манан”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг бүтээл багтана. Энэ хэсгийн оргил бүтээл нь морин хуур, симфони найрал хөгжмийн концерт юм. Морин хуурч Р.Амарбаяр гоцолж тоглох бөгөөд дөрөвц болон тавцын хөгтэй хоёр хуураар ээлжлэн тоглоно.

Хоёр дахь буюу хөгжих хэсэгт Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, Г.Ариунбаатар нар хөгжмийн зохиолчийн шилдэг дуунаас үзэгчдэд хүргэнэ. Тэд дуу, ардын дууны найруулга, ари гэсэн төрөл тус бүрт нэг нэг, өөрөөр хэлбэл нийт зургаан бүтээл сонордуулах юм.

Гоцлол дуучин Ө.Уянга хөгжмийн зохиолчийн “Бүүжидмаа” ардын дууны найруулга, “Таны төлөө дуулъя” дуу, “Чингис хаан” дуурийн Хадааны ари дуулна. Харин гоцлол дуучин Г.Ариунбаатар “Гавалмаа бүсгүй” ардын дууны найруулга, “Монголын тал нутаг” дуу,  “Чингис хаан” дуурийн Тэмүүжиний ари дуулах юм.

 “Их дуурьсал” тоглолтын төгсгөлийн буюу гол хэсэгт найруулагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы бүтээл “Үхэж үл болно, Чингис хаан” киноны хөгжмөөс сонордуулах юм байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Шаравын уран бүтээлийн “Их дуурьсал” тоглолт маргааш болно   
Үзсэн: 1808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй