Шууд Chart

Хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар П.Тэмүүжин шалгарлаа

2018-03-19 09:29:12

Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж байгаа билээ.

Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/ нар хүртэж байсан билээ.

2018 оны хоёрдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт энэ сарын 9-16 хүртэл үргэлжилж, ялагчийн нэр тодорлоо. Өнгөрөгч сард Индонезийн Жакарта хотноо явагдсан Азийн Наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан медалийг хүртсэн таэквондогийн спортын тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нийт саналын тоогоороо тэргүүлж, хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар тодорлоо. Тэрээр Рио де Жанейрод болсон 2016 оны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, Монгол Улсын түүхэн дэх анхны ялалтыг байгуулж байсан билээ.

Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, боксын тамирчин Б.Мишээлт, Парисын их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, жүдогийн тамирчин Ц.Цогтбаатар нар үзүүлж, удаах байруудыг эзлэв. Энэ сард Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, боксын шигшээ багийн тамирчид болох О.Жаргалан, Х.Энх-Амар болон Парисын их дуулгаас хүрэл медаль хүртсэн, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг нар мөн нэр дэвшлээ.

"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг билээ. Хоёрдугаар сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад түүхэн дэх хамгийн их буюу 5800 гаруй хөгжөөн дэмжигч, 30 гаруй спортын сэтгүүлч оролцжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар П.Тэмүүжин шалгарлаа  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй