
Хөөмийн томоохон хэмжээний бүтээл "Галайхан" дуурилгын бэлтгэл сургуулилалт одоо ч үргэлжилсээр. Тайз бэлэн болсон.
Монгол Алтайн сүрлэг уулсын дунд өндрөөс буух хүрхрээн чимээ, сарны дуулал, салхины исгэрээ, хааяа чонын улиан ч сонсогдох байгаль эх-гэртээ хүн төрөлхтний өвгө-сүргийн нэгэн омгийнхон олз омгоо хуваан хүртэж, нар, сар, өдөр шөнө ээлжлэх хорвоод энх тунх амьдарна....Тэд хоорондоо хэрхэн ярилцахыг, ямар үйл явдал өрнөхийг хөөмий буюухүн-хөгжмөөр харуулна, сонсгоно.
Хүний нийгэм гэж байхгүй, төр, улс, гэр бүл ч гэж үгүй, гагцхүү байгаль эх, ан амьтан, бас хүн байна. Тэдгээрийн харилцан шүтэлцэл, дуу чимээ, хүчтэй нь хүчгүйгээ дийлж амьдарч байсан түүхийн нэгэн эрин цагт та биднийг "Галайхан" дуурилга аваачна.
Найрал хөгжим, хөөмий-найралтай энэхүү ерийн бус тоглолтын нээлт өнөөдөр 19:00 цагт СУИС-ийн "Оюутан" театрт болно.
СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, оюутнуудын 70-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хэдэн сарын турш бэлтгэснээ үзэгчдээр шүүлгэх цаг ирлээ. Шинэ бүтээлээ өлгийдөн авах гэж буй уран бүтээлчдэд баяр хүргэе. Амжилт хүсье.
"Галайхан" эхлэх цаг дөхсөөр | ||
Үзсэн: 1199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.