
FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудад албан ёсоор гаргаж өгдөг хуваарьт өдрөөр Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтоо маргааш талбайдаа хийх гэж байна. 'Талын хөх чононууд' хөлбөмбөгийн ногоон талбайд Африкийн төлөөлөл Мауритус Улсын багтай албан ёсны тоглолтыг хийнэ. Энэхүү тоглолт 18:00 цагаас эхэлнэ. Тоглолтын өмнөх мэдээллийг Хөлбөмбөгийн холбооны байранд өнөөдөр 12:00 цагаас өгөхөөр болжээ.
Мауритус улсын шигшээ Африк тивийг төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог улсуудтай тоглож байсан туршлагатай баг бөгөөд 1999, 2000 оны үед дэлхийн чансаагаа 118-д хүргэж байжээ. Тэгвэл энэ удаа тэд Монголын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийх гэж байна.
Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг гурав хоногийн өмнө (2018.03.23) Малайзын багтай тоглож, талбай дээр нь 2:2 оноогоор тэнцсэн билээ. Куала-Лумпур хотод болсон энэхүү тоглолтод П.Энхбилэг, С.Ганхуяг нар гоол хийсэн бөгөөд шигшээ багийн хувьд олон улсын нөхөрсөг тэмцээний анхны тоглолтоос анхны оноогоо авсан юм. Энэ бол “Талын хөх чононууд”-ын хувьд түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал байлаа. Тэгвэл тэд маргааш Африкийн төлөөлөл болсон Мауритус улсын багтай албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийх гэж байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд Монгол – Мауритус тоглолт болоход ганц өдөр үлдлээ. Тоглолтын тасалбар 5000 төгрөг бөгөөд тасалбарыг Хөлбөмбөгийн холбооны байр болон 120 мянгатын 'Зүчи' зочид буудлын нэг давхарт байрлах 'Кофе Териа'-аас авах боломжтой аж.
'Талын хөх чононууд' Африкийн төлөөлөл Мауритус Улсын багтай тоглоно | ||
Үзсэн: 1360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.