Шууд Chart

Какүрюү М.Ананд эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа өргөлөө

2018-03-26 09:57:21

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээнд ёкозүна Какүрюү М.Ананд 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. Осака хотод болсон башёгийн сүүлийн өдөр буюу өчигдөр озэки Такаясү ёкозүна Какүрюүг давсан юм. Гэсэн ч Какүрюү өмнөх өдөр нь түрүүлэх болзлоо хангасан билээ. Учир нь түүний араас нэхэж явсан Кайсэй гурван унаатай болсноор Какүрюүд өрсөлдөгч гараагүй юм.

Ёкозүна Какүрюү М.Ананд сүмогийн дээд зиндаанд дөрөв дэх удаагаа түрүүлж байна. Тэрбээр хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн юм. Үүнээс хойш Какүрюү дээд зиндаанд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан ч түрүүгээ нэмж чадахгүй байв. Харин 2018 онд эхний башё болох өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэх боломж байсан ч тэмцээний сүүлийн өдрүүдэд баруун хөлийн шагайгаа гэмтээсэн. Улмаар башёгийн сүүлийн өдрүүдэд тааруу барилдаж, дараалан дөрвөн өдрийн барилдаанд ялагдан Гүржийн Точиношин түрүүлэх боломжтой болсон юм. Какүрюү башёг өнгөрөөгөөд хоёрдугаар сарын 1-нд мэс засалд орсон бөгөөд гуравдугаар сарын тэмцээнд аварга хүний хүч тэнхээг харуулан эзэн хааны цомыг дахин хүртлээ.

Хаврын башё гуравдугаар сарын 10-нд эхлэхэд дээд зиндаанд барилдаж буй 40 бөхийг Какүрюү М.Ананд тэргүүлсэн. Башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар өнжих үед их хариуцлага ёкозүна Какүрюү М.Ананд ирсэн.

Башёгийн эхний өдрүүдийн барилдаанд озэки Гоэйдо, Такаясү, сэкивакэ Точиношин нарын бөх унаж эхэлсэн нь Какүрюүгийн хувьд том боломж байлаа. 12 дахь өдрийг хүртэл Какүрюү ганцаараа унаагүй тэргүүлж байсан. Тэгвэл түүнийг унагасан бөх бол Гүржийн Точиношин бөгөөд тэрбээр энэ башёг 10 даваатайгаар өндөрлүүллээ. Тэр дундаа аварга Какүрюүг давсан гүрж бөхийн хувьд ирэх тавдугаар сарын тэмцээнд озэки цолны төлөө барилдах бүрэн боломж нээгдлээ.

Какүрюү М.Ананд сүүлийн өдрүүдийн барилдаанд хянамгай барилдаж, башёд түрүүлэх болзлоо сүүлийн өдрийн барилдааныг хүлээлгүй хангаж, эзэн хааны цомыг дахин өргөлөө.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар есөн даваа, зургаан унаатайгаар башёг өндөрлүүллээ. Харин Араваши Э.Дөлгөөн 15 барилдаанаас ердөө хоёр даваа авав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Какүрюү М.Ананд эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа өргөлөө  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй