
Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт агсны яруу найргийн номыг анд нөхөд нь хэвлүүлэн гаргаж, уншигчдын хүртээл болгожээ.
"Ганц модны анир" нэртэй энэхүү номны эхийг “Шинэ мянган" утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид санаачлан, ивээн тэтгэж хэвлүүлсэн юм байна. Мөн талийгаачтай хамт ажиллаж байсан сэтгүүлч нөхөд, телевизийн салбарынхан, УЗНАДС-ийн утга зохиолын ажилтан, сэтгүүлчийн ангийн нөхөд нь номын буянд даган баясчээ.
Номын нээлтэд Б.Эрдэнэцогт агсны ээж Б.Баасанжаргал болон хань, үр хүүхдүүд, ах дүү, хамаатан садан, сэтгүүлч, яруу найрагч нөхөд нь хүрэлцэн ирсэн юм. Найрагч агсан "Ганц модны анир" шүлгээ өөрийн дуу хоолойгоор уншиж үлдээснийг номын нээлтэд оролцогчид сонсч, мөн бусад шүлгүүдийг нь найз нөхөд нь уншиж, андынхаа тухай дурсамж дэлгэсэн нь номын нээлтийн торгон агшнууд байлаа.
Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт агсан "Eagle news" TV, TV9, SBN, UBS, "Соён гэгээрүүлэгч", "Шинэ дэлхий" зэрэг телевизүүдэд сэтгүүлчээр ажиллаж, өөрийн гэсэн өнгө аясыг бий болгож чадсан авьяаслаг сэтгүүлчдийн нэг байсан юм.
Мөн тэрээр Булган аймгийн хүүхдийн ордны дэргэдэх утга зохиолын дугуйланд сурагч ахуйдаа суралцан, шүлэг яруу найргийн замд хөл тавьж, улмаар Утга зохиолын дээд сургуульд элсэн суралцан, ардын уран зохиолч Ш.Дулмаагийн гарын шавь болж уран бүтээлийн гараагаа эхэлсэн ажээ.
Б.Эрдэнэцогт агсны яруу найргийн ном уншигчдын хүртээл боллоо | ||
Үзсэн: 978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.