
Зохиолч, сэтгүүлч Ц.Баттуяагийн шинэхэн ном худалдаанд гарчээ. Энэхүү ном “Үйлийн үр захиалагч” нэртэй. Чих сэртэсхийж, өөрөөсөө асуулт асууж, хариултыг нь хайж бодол болмоор нэр байгаа биз. Энэ нэрийг уншаад танд хамгийн түрүүнд юу бодогдсон бэ? Би бол “Үйлийн үрийг захиалдаг юм гэж үү?” гэж өөрөөсөө асуусан. Миний болоод таны хариулт өөр өөр ч байж мэднэ, тэр сонин биш. Харин зохиолчийн хариулт сонин байж мэдэх юм. Тэгвэл Ц.Баттуяа зохиолч энэ асуултанд “Бидний алдаа, оноон дээр үрсийн минь хувь заяа дэнчигнэж байдаг. Тиймээс үрдээ үйлийн үр захиалчихгүйхэн шиг л амьдраад дуусах юмсан даа” гэж хариулсан юм.
Гэхдээ “Үйлийн үр захиалагч” номыг уншиж дууссаны дараа надад огт өөр хариулт гарч ирсэн. Зохиолчийн бодсон санаа уншигчийнхтай давхцах албагүй гэдэг нь л энэ байх. Магадгүй, уншигчид хэдий олон гаргалгаа, хариулт олж харна, уг зохиол төдий чинээ сайн байдаг ч байж мэдэх юм.
Ингээд олныг нуршилгүй “Үйлийн үр захиалагч” номын анхны уншигчдын сэтгэгдлээс та бүхэндээ сонирхуулъя.
Уншигч Д.Ганчимэг: Шимтэн шимтэн уншлаа. Амттай байлаа.
Мундаг зохиолчдоо баяр хүргэе. Шимтэн шимтэн уншлаа. Амттай байлаа. Унших явцдаа “Амьдралд үнэхээр ийм зүйл тохиолдвол яана” гэсэн асуултыг өөртөө олонтаа тавилаа. “Үр минь үлдэх хорвоод зөв л амьдрах юм шүү” гэдэг үг яалт ч үгүй л биеллээ олох юм даа. Нэг үгээр хэлэхэд, аваад уншихад, номын сандаа хадгалахад харамсахааргүй сайхан зохиол болжээ.
Уншигч Ярууд дурлагч: Энэ номыг дэлгэхдээ би өөрийгөө ямар их уйлах бол гэж бодсон
Зохиолч Ц.Баттуяагийн дөрөв дэх номыг уншиж дуусгалаа. Миний хувьд “Гивлүүрт салхин” номоос хэтэрхий гунигтай атлаа ямар их сэхүүн бардам зан чанарыг мэдэрсэн гэж санана аа. Харин “Таримал цэцгийн сүм” номыг уншиж хэчнээн ч догдолж, хэчнээн ч гэгэлзэж, хэчнээн ч гуниглаж, хэчнээн ч уйллаа даа. Мөн “Дотоод алс” номоос хүмүүний амьдралын арга ухаан, бодрол ухаарлын тухай уншиж, өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх учиртай зүйлсийг сурч мэдсэн.
“Үйлийн үр захиалагч” номыг дэлгэхдээ ч бас би өөрийгөө ямар их уйлах бол оо гэж бодсон. Бүр хажуудаа сальфетка бэлтгээд тавьчихсан байсан гээд бод доо. Гэтэл би номыг уншиж дуусан дуусталаа огт уйлсангүй. Энэ зохиолд уйлмаар зүйл гараагүйдээ ч биш юм аа. Бодоод байх нь ээ, уйлаад уужирчихаж болдоггүй хатуу үнэнтэй нүүр тулахаараа нулимс хүртэл гарахаа больчихдог юм болов уу даа.
Уншигч Б.Тунгаа: Хэзээ ч, хэний ч хөндөж байгаагүй сэдвийг хөндсөн зохиол юм
Нэрийг нь хараад шашны холбогдолтой үйл явдлууд гарах байх гэж бодож байлаа. Уншаад эхэлтэл тэс өөр юм.
Бас би уншиж эхлээд “хүний наймаа, хар тамхины тухай л ном байна даа” гэж бодсон. Тэгтэл харин харьд үрчлэгдсэн хүүхдүүдийн талаарх хамгийн нуугдмал, хэзээ ч хэний ч хөндөж байгаагүй сэдвийг хөндсөн зохиол аж.
Миний хувьд уншиж байгаа зохиолоо төсөөлөн бодож, цааш хөврөх үйл явдлыг нь урьдчилан таах дуртай л даа. “Үйлийн үр захиалагч”-ийг ч бас уншиж эхэлмэгцээ солонгос кино шиг дараагийн үйл явдлыг нь таачихаж болмоор санагдсан. Гэтэл энэ зохиолд миний тааснаас огт үйл явдлууд хөвөрч байсан нь улам ч амттай сайхан байлаа.
Уншигч М.Гэлэг-Очир: Үйл явдал бүр нь асуулт дагууллаа
“Үйлийн үр захиалагч” тууж өөрөө л намайг “удирдсаар”, “хөтөлсөөр” байгаад дууслаа. Үйл явдал бүр нь асуулт дагуулдаг ийм зохиол ер уншиж байгаагүй юм шиг санагдаж байна.
Хөндсөн сэдэв нь ч, бичлэгийнх нь хэлбэр ч, үйл явдлуудынх нь хөврөл, уялдаа холбоо ч, хэлэх гэсэн санаа ч бусдаас үнэхээр өөр болж чаджээ. Маш их баярлалаа. Хэсэгхэн завсарлаж байгаад дахин уншина аа. Хоёр дахь уншилтаас өмнөхөөсөө тэс өөр “олз” олныг олно гэдэгтээ эргэлзэхгүй байна.
Уншигч Эрдэнэцэцэг: Номын санг минь ийм сайхан номоор мялаасанд баярлалаа
Эхлэлийг нь уншсанаас хойш үргэлжлэлийг нь уншихсан гэхээс нойр ч хүрэхээ больсон. Номоо хүлээж авмагцаа салж чадахгүй байсаар нэг амьсгаагаар уншиж дуусгалаа. Ямарваа зохиолыг дийлэнхидээ л босон суун уншдаг даа. Гэтэл “Үйлийн үр захиалагч” тууж намайг яалт ч үгүй өөрөөсөө алхам ч холдуулалгүй “уяж” чадлаа. Номын санг минь ийм сайхан номоор мялаасанд баярлалаа. Амжилт хүсье.
Ц.Баттуяа: Бидний алдаа, оноон дээр үрсийн минь хувь заяа дэнчигнэж байдаг | ||
Үзсэн: 2466 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.