
Монгол Улсын зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК байгуулагдсаны түүхт 40 жилийн ойг угтаж Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран хөгжмийн зохиолчид, ая зохиогчдын дунд "Дуунд мөнхөрсөн Эрдэнэт" сэдэвт дууны шилдэг уран бүтээлийн уралдаан зарлаж байна.
Эх орны эрдэс баялгийн охь болж улсын эдийн засгийн гол нурууг үүрч ирсэн түүхт он цагуудын тухай, үүнийг бүтээгч ажилчин хүний /хайгуулчин, уурхайчин, баяжуулагч, тээвэрчин, кранчин, олборлогч, засварчин, цахилгаанчин өрөмдөгч гэх мэт/ ажил мэргэжлийн онцлогийн тухай есөн эрдэнийн /алт, зэс, оюу, номин, хүдэр гэх мэт/ баялгийг хөрсөндөө агуулсан Эрдэнэт уул болон энэ нутгийг магтан дуулсан шилдэг дууг олшруулах, сурталчлах, түгээх зорилготой аж.
Уралдааны оролцогчид "Дуунд мөнхөрсөн Эрдэнэт" сэдвийн дор дууны шилдэг уран бүтээлээр оролцоно.
Шилдэг дуу гэсэн ганцхан номинациар шалгаруулах бөгөөд оролцогчид гоцлол, дуэт, квартет, хамтлаг дууны төрлөөр оролцож болно. Аль ч насны хүн дуулахуйц мэргэжлийн болон нийтийн эстрад төрлийн дуу байх аж.
Уралдаанд оролцох хөгжмийн зохиолч, ая зохиогчид өөрийн товч намтар мэдүүлгийг ирэх дөрөвдүгээр сарын 25-ны 21:00 цаг хүртэл Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд бүртгэж байгаа гэнэ.
Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 29-30-нд 12:00-20:00 цагийн хооронд Монгол Улсын Филармонийн концертийн танхимд болно.
Оролцогч нь нэгдүгээр шатанд дуучид концертсейстер, хөгжмийн бүрэлдэхүүнээ өөрсдөө хариуцна. Фонограммтай байж болно.
Уралдаанд ирсэн нийт бүтээлээс шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр хоёрдугаар шатанд 21 хүртэлх бүтээлийг оролцуулна.
Хоёрдугаар шатны шалгаруулалт Эрдэнэт хотод ирэх тавдугаар сарын 12-нд “Уурхайчин” соёлын ордонд болно.
Шалгаруулалт Монгол Улсын филармонийн "Морин хуур" чуулгатай явагдах ба партитур, партыг хөгжмийн зохиолчид өөрсдөө бичсэн байх шаардлагатай гэнэ.
Эстрад төрлийн дуунууд фонограмм болон өөрсдийн хамтлагтай байж болно.
Шилдэг дууны "Гала" тоглолт Эрдэнэт хотод ирэх тавдугаар сарын 12-нд “Уурхайчин” соёлын ордны Их танхимд зохион байгуулна.
ШАГНАЛ
Гранпри шагнал 1 хүн-5 сая төгрөг
I байрын шагнал 1 хүн -4 сая төгрөг
II байрын шагнал 1 хүн -3 сая төгрөг
III байрын шагнал 2 хүн -1 сая төгрөг
Тусгай байрын шагнал 2 хүн -500 мянган төгрөг
Уралдааны шилдэг бүтээлийг телевиз, радио, хэвлэл мэдээллээр сурталчилна.
Оролцогчид уралдаанд оролцох бүтээлийнхээ төгөлдөр хуурын клавир /дарамж/-ыг үгийн хамт Улаанбаатар хот, Соёлын төв өргөө, 336 тоотод өөрийн биеэр болон Монголын хөгжмийн зохиолчдын холбооны албан ёсны фэйсбүүк, 89994049 дугаарын утас болон mongolia.composer@gmail.com и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
Бүртгэлийн хугацаа 2018.03.25- 2018.04.25-нд 10.00-21:00 цаг.
"Дуунд мөнхөрсөн Эрдэнэт" сэдэвт дууны шилдэг уран бүтээлийн уралдаан зарлагджээ | ||
Үзсэн: 1421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.