
Евразийг дамнан орших эртний соёлт Турк улс түүх, сонин хачинд дурлан аялагчдын анхаарлыг татаж байдгийн нэгэн адилаар очиж үзэх, танилцах сонирхлыг минь татсаар л байдаг байв. Монголчуудын мэдэхээр дундад ази төрх, уянгалаг хөгжим, уран тансаг мэдрэмж төрүүлдэг эртний урлал, үйлдвэрлэлээс эхлээд орчин үеийн үйлдвэрлэл, худалдааны орон гэдэг ерөнхий тойм ойлголт маань Турк улсад өнгөрүүлсэн 20-иод хоногийн хугацаанд илүү өргөн болж өөрчлөгдсөн нь таатай байлаа. Мэдээж бидний хоёр улсын хоорондох түүхэн хүндэтгэлт харилцаа ойр дулаан сэтгэгдэл, харилцаагаар одоо ч үргэлжилдэг. Тэнд очоод хамгийн түрүүнд олж харсан зүйл маань шашны нийтлэг суртахуун нь энэ улсын зарчим, баримжаа юм байна, үндэстэн гэдэг нэгдмэл итгэл үнэмшил нь үндсэндээ уламжлалт хандлага дээрээ тогтдог юм байна гэдгийг мэдэрсэн явдал байв. Хариуцлага, эмх цэгц гэдэг ойлголт тэдний хувьд эн түрүүний шаардлага санагдав. Товчхондоо зарчим, “хаалттай” байдал гэж ойлгож болно. Хаалттай гэдэг нь зах замбараагүй, нээлттэй суртахуун үгүй л гэсэн утга.
Дэлхийн шилдэг 10 агендлагийн нэг болох АНАДОЛУ агентлаг олон улс орны хэвлэл мэдээллийн салбарынханд сургалт явуулж ирсэн уламжлалтай. Star tv-ийн Програмын албаны дарга Д.Ганчимэг, UBS телевизийн Мэдээний албаны дарга Г.Мянганбаяр, МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгийн сэтгүүлч Б.Батбаяр, мөн МҮОНТ-ийн Залуучуудын нэвтрүүлгийн албаны редактор М.Наранцогт миний бие Монгол дахь Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаар дамжуулан АНАДОЛУ агентлагийн ээлжит сургалтанд 2018.02.05-02.16-ны өдрүүдэд хамрагдав.
Турк, Казакстан, Азербайжан, Армен, Үзбекстан, Киргиз, Гүрж, Украйн, Монгол гээд 10-аад орны хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл 26 хүн уг сургалтанд оролцсон юм.
АНАДОЛУ агентлаг нийслэлдээ байрлана. Цаашдаа дэлхийн шилдэг таван агентлагийн нэг нь болж ажиллах эрмэлзэл зорилготойгоор урагшилж яваа энэ агентлагийн гол илэрхийлэл нь мэдээж фото зураг. 5000 гэрэл зурагчинтай, өдөрт 500 фото зураг авч, дунджаар 200 фото зураг шинээр нийтлэгддэг. Тэр ч утгаараа дипломат сэтгүүл зүй сэдвийн дор явагдсан сургалтаас бидэнд хамгийн сонирхолтой байсан хичээл бол фото зургийн хичээл байсан юм. Өдөрт 13 хэл дээр, 1400 мэдээ бэлтгэдэг.
Эндээс энэхүү агентлаг хэдий хэмжээний бүтэц зохион байгуулалт, далайцтай ажилладаг нь харагдана. Үндэсний бодлогын агентлаг нь хүчтэй ажилладаг юмсанжээ гэсэн цагаан атаа төрж байв. Бидний филасофи бол “Хүний төлөө, сайн сайхны төлөө...” гэж тус агенлагийн мэдээлэл эрхэлсэн захирал ... танилцуулсан. Сири улсад болон дайн самуунтай бүсүүдэд болж байгаа үйл явдлын талаарх сэтгэл сэмрээсэн фото сурвалжлагууд дэлхий дахинд түгэн алдаршиж байдгийн нэлээд хэсгийг АНАДОЛУ агентлагийн фото сурвалжлагч нар бэлтгэж байдагтай энэ үеэр танилцсан. Бүс, байршлын онцлог, бодлого гээд олон зүйлээс хамаардаг биз, дайны сурвалжлагч нар “халуун” бүсэд нэлээд ажилладаг, авсан зургууд нь зүг бүрт хүрч чаддаг юм байна. Олон улсын харилцаа, Орос туркийн харилцаа, Дундад ази – Кавказийн орнуудын соёлын хамтын ажиллагаа, эрчим хүчний геополитик зэрэг хичээлүүдийг онцлон дурдаж болно.
Анхаарал татсан хурц үйл явдлуудын үед, ер нь аль ч үед тодорхой эх сурвалжтай ямар тактик барьж ярилцаж болох тухайд практик хичээл орсон нь бас сонирхолтой байв.
Турк улсын нийслэл Анкара хот. Хүн амынхаа тоогоор улсдаа хоёрт жагсдаг, засаглалын төв нь болсон энэ хот Истанбулыг бодвол хөл хөдөлгөөн татуу, илүү тайван, замын хөдөлгөөн эмх цэгцтэй, явган зорчигчийг маш их хүндэлдэг нь тааламжтай. Дэлхийн томоохон хотуудын залуусын нийтлэг өнгө төрхийг харж болно. Гэхдээ тодорч гоцорсон, нүд гялбам хэм хэмжээнээс илүүтэй төлөв хандлага мэдрэгдэнэ. Эдийн засаг, аялал жуулчлал, цэрэг зэвсэглэл, өргөн хэрэглээний үйлдвэрлэлээрээ биеэ даасан, хүчирхэгжиж яваа орон гэхэд залуус нь ихэмсэг гэхээсээ илүүтэй найрсаг, тусархуу хандлагатай, бас сониуч гэмээр.
Анкарагаас 100 гаруй км-ийн зайд байх эртний Бейпазар хотод фото дадлагын дашрамд очсон. Луувангийн тариалалт, үйлдвэрлэлээр алдаршсан энэ дүүргийн илэрхийлэл, бэлгэ тэмдэг нь луувангийн хөшөө.
Сургалтын хугацаан дахь хөтөлбөрт ТIKA, Туркийн соёл, аялал жуулчлалын яам, Үндэсний номын сангаар орох багтсан байсан. Соёлын бодлогын хүрээгээ тэлсээр байгаатай танилцав.
Үндэсний номын сандаа улс орнуудын нэрэмжит танхимуудыг байгуулж, олон улсын харилцааны бодлогыг бас шингээж хэрэгжүүлж байгааг харав.
Анкара цайзад амралтын нэг өдрийг өнгөрүүлж, 200 жилийн түүхтэй хуучны ресторанд хооллож, энэ мэтчилэн хөтөлбөр бүрээс Турк улсыг ойлгож, танилцаж мэдэрч явлаа.
Телевизийн салбарын төлөөллүүдийн хувьд бидний чухалчлан сонирхож байсан нэг газар бол TRT байв. Долоо хоног бүрийн пүрэв гарагт шууд дамжуулдаг AVAZ үндэсний хөгжмийн хөтөлбөрт биднийг үзэгчээр оролцуулсан нь тодорхой нэг хэсэгтэй нь танилцаж, ойлголт авах боломж болсон юм.
Сургалт 02.16-нд дуусч, сертификатаа гардан Турк дэх албан ёсны хөтөлбөр өндөрлөв.
Истанбул хотод саатах хугацаанд алдарт Султан Ахмедын сүм, Аяасофиа музейг бидэнд үзүүлж амжсан юм.
Турк-Монгол хоёр улсын мэдээллийн салбарын хамтын ажиллагааны эхлэлүүдийн нэг болох Дипломат сэтгүүл зүй сургалт бидэнд зөвхөн мэдээллийн салбарын зарим хэсэг төдийгүй турк үндэстний түүх соёл, хөгжил, сэтгэлгээ, хандлага, онцлогтой танилцах боломж олгосонд талархалтай байна.
Анадолу агентлаг өдөрт 13 хэл дээр, 1400 мэдээ бэлтгэдэг | ||
Үзсэн: 3365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.