
Орхон аймгийн улсын тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэг хамт олон, ажилтан, эцэг эхийн бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжихээр “Шагай” хөтөлбөрийг тав дахь жилдээ хэрэгжүүлж, өчигдөр “Түмэн шагайн баяр”-аа хийв.
“Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл", "Авьяас", "Ном" гэсэн гурван дэд хөтөлбөрийн хүрээнд 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Шагай нь уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачуудад таниулан сурталчлахаас гадна цэцэрлэгийн орчин нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүнд бүрэн нийцэж, ашиглах боломжтой нь хүүхэд багачууд эцэг эхийн сонирхлыг ихээр татдаг билээ.
Тус цэцэрлэг нь анги танхим, сургалтын хэрэглэгдэхүүн, тэр ч бүү хэл цэцэрлэгийн эмблем нь хүртэл дөрвөн бэрх байх жишээтэй. Анх 2013 онд зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Шагай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш эцэг эх, багш нарын хамтын оролцоотойгоор долоо хоног бүрийн баасан гарагт уламжлалт шагайн наадгайн цаг буюу “Эмээгийн цаг”-ийг эцэг эх, хүүдүүдийн дунд гаргаж өгсөнөөр шагайгаар хийсэн орчин үеийн, уламжлалт тоглоом сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг бүтээж эхэлжээ.
Анх дөрвөн бэрхийн богцоор шагай хөтөлбөрөө эхлүүлж байсан тус хамт олон өнөөдөр мянга мянган шагай багтахаар богцыг анги хамт олныхоо дунд аялуулж эхлээд байна. Цаашид ч Монгол наадгайг залуу үедээ өвлүүлэн үлдээх, дэлгэрүүлэх, тоглоомоор дамжуулан зөв төлөвшлийг олгох зорилгыг өмнөө тавин ажиллана гэлээ.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд алаг мэлхий өрөх, морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэрэг наадгайг нийтээрээ тоглож сурсан бөгөөд олон сонирхолтой сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомыг ч хийж бүтээсэн байна.
Орхон аймгийн улсын тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэг “Түмэн шагайн баяр”-аа хийв | ||
Үзсэн: 4498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.