
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “GFA Консалтинг” группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл Дархан-Уул аймагт хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, Шилдэг бизнес санаануудыг шалгаруулж гарааны бизнесийг дэмжих зорилготой энэхүү төслийн бүртгэл тус аймагт өнгөрсөн гуравдугаар сарын 9-26-ны хооронд явагдсан юм.
Тус бүртгэлд 124 залуу хамрагдсан бөгөөд үүнээс 64 нь хоёрдугаар шатанд үлдэж, 12 багт хуваагдан 54 цагийн сургалтад хамрагдсан юм.
Харин гуравдугаар шатанд 10 баг үлдэж, шинэ санаагаа уралдуулав. Шинэлэг санаагаа уралдуулан өөрийн гэсэн бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй 15-34 насны залуус энэхүү төсөлд хамрагдсан бөгөөд эхний байранд "JARGALKIDS CASHMERE" баг шалгарч Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилт болох буцалтгүй 10 сая төгрөгийн эзэн боллоо.
Нэгдүгээр байранд шалгарсан тус баг нь нэг жил гаруй хүүхдийн ноолууран хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд хүүхдийн биед таарсан чанартай, эдэлгээ сайтай, загварлаг хувцсыг урлаж хямд өртгөөр борлуулдаг ажээ.
Харин удаах байруудад ногоон шингэн, ургамлын тос, аарцтай бууз, зөгийн балын үйлдвэрлэл эрхэлдэг залуус шалгарч, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгодог Хөдөлмөр эрхлэлтийн сангаас тус бүр 10 сая төгрөгийг гурван жилийн хугацаанд хүүгүй, барьцаагүйгээр авах эрхтэй болсон юм.
Хоёрдугаар байранд шалгарсан ногоон шингэн нь 100 хувь хүний биенээс хорт бодисыг гадагшлуулж эрүүл мэнд гоо сайхан, зөв галбирыг иргэдэд өгч чаддагаараа онцлогтой ажээ.
Ирэх жил тус төсөл дахин явагдах учир залуучууд та бүхэн эртнээс шинэлэг санаагаа бэлдэж, өөрийн бизнесээ өргөжүүлэхийг уриалж байна.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.