Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

2019 оны төсвийн хүрээний мэдэлдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018-05-11 14:29:12
Error loading player: No playable sources found

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төсвийн хүрээний мэдэгдэлд татвар төлөгчдөд хөгжин дэвших орон зайг өгөх, бүртгэлийн тогтолцоог сайжруулах замаар татварын суурийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцсон болохыг Сангийн сайд онцолсон. Мөн төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгаж, ил тод байдлыг хангах, төсвийг үр ашигтай хуваарилахад чиглэсэн техникийн дэвшлийг нэвтрүүлэх, нийгмийн халамжийн шилжүүлгийг оновчтой хуваарилах, төсвийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтийг хийхээр төлөвлөсөн байна. Салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээг хэрэгжүүлэх,  Засгийн газрын нийт өр болон өрийн үйлчилгээний зардлыг багасгаж, хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулах, гадаадын зээлийн эх үүсвэрийг дэд бүтцийн төсөл, арга хэмжээнд зарцуулах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр мөн тооцсон байна.

Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн нийт орлого 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,  хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөлжээ. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн үзэл баримтлалыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төсвийн орлогыг үр ашигтай зарцуулах, ОБЕГ-аас хийсэн хийлгэсэн эрсдлийн үнэлгээний дүнтэй холбоотойгоор дараа жилийн төсөвт тодорхой хэмжээний нөөц хөрөнгийг нэмэж тусгах, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр орон нутгийн хөгжлийг дэмжих, аймгуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мөн зарим нэг урсгал зардлыг орон нутгийн төсөвт шилжүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэхэд зээлийн хүүг бууруулах, нийгмийн халамжийг хавтгайруулан олгож байгааг цэгцлэх, УИХ-ын гишүүн Ч.Улаан цаашид зарлагын асуудалд анхаарч ажиллах, нийгмийн халамжийн зардлыг бууруулахад дараа жилийн төсвийн хэлэлцүүлгийн явцад анхаарах гэсэн саналуудыг гаргасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн М.Оюунчимэг иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой ямар ажил тусгагдсан талаар тодруулсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 1.3 сая хүнийг ажлын байраар хангаж байгаа хувийн хэвшлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхээр тусгасан гэлээ. Эдийн засгийн үзүүлэлт нэмэгдэхээр Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч байгааг Сангийн сайд дурдаад, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр Монгол Улсад 1.4 тэрбум ам.долларын гадны хөрөнгө оруулалт хийгдэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэн түүнийг дагаад ажлын байр нэмэгдэж байгааг онцолсон. Төсвийн хөрөнгө оруулалт хөдөө орон нутагт нэмэгдэж байна бөгөөд үүнийг дагаад мөн ажлын байр нэмэгдэнэ хэмээсэн. Ноолуурын үнэ ханш 90-100 мянган төгрөгт хүрч малчдын орлого нэмэгдэж байгааг Сангийн сайд мөн дурдсан.

Гишүүд мөн аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих, төсвийн орлогын хэдэн хувь нь уул уурхайгаас орж ирэх, төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын харьцаа хэдэн хувьтай байгаа, ам.долларын ханшийг хэрхэн төсөөлж байгаа талаар тодруулж байлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аж ахуйн нэгжүүдээ эдийн засгийн зөв бодлого явуулж дэмжинэ гэлээ. Зээлийн хүүг бууруулж, татварын шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөжээ. Татварын дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, татвар бууруулах асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хэмээсэн.

Төсвийн орлогын 73 хувийг урсгал зардалд, 27 хувийг хөрөнгө оруулалтад зарцуулах бөгөөд ирэх онд ам.долларын ханшийг 2280 төгрөг байхаар төсөөлж байгаа ажээ.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


2019 оны төсвийн хүрээний мэдэлдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 1714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй