Шууд Chart

“Орхон Эмпати” сургуулийн сурагчид нянгаар бохирлогдсон хоолноос хорджээ

2018-06-04 15:34:58

06 сарын 01-ний өдөр Орхон аймагт ЕБ-ын Орхон Эмпати сургуулийн сурагчид хоолны хордлогод орон хүндэрсэн шалтгаанаар, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч эхэлсэн. Нийт 50 гаруй хүн хордлогод орсон учир аймгийн засаг даргын захирамжийн дагуу, онц байдал зарлан, яаралтай арга хэмжээг авсан байна.  Холбогдох албаныхнаас өгсөн урьдчилсан дүн мэдээгээр “Шигэлийн нян”-гаар халдварлагдсан болох нь тогтоогджээ.

Орхон аймгийн Засаг даргын 06.02-ны өдрийн А/357 дугаар захирамжаар Шуурхай ажлын хэсэг байгуулан тус сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйтгэл хийн, бусад хүүхдийг шинжилгээнд хамруулж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн баг бүрэлдэхүүн тус аймагт ажилласан. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт Орхон Эмпати сургуулийн 45 хүн хэвтэн эмчилж байгаагийн 40 нь сурагч,5 нь тус сургуулийн ажилтан албан хаагч гэж байна. Эмнэлзүйн хувьд  мэдрэл хордлого, зүрх судас болон хоол боловсруулах замын хордлогоор эхлэж, 2-3 хоногийн дараагаар цусан суулгын эмнэл зүй зонхилсон гэнэ. Онц ноцтой үеэ, эмчилгээний үр дүнд давсан ч, биеийн байдал хүндэвтэр 13 хүүхэд байна. Мөн өөр аймаг орон нутаг, Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлэгсэд бий гэдгийг албаныхан хэлж байна

Ерөнхий боловсролын “Орхон-Эмпати” Монгол, Туркийн хамтарсан сургуульд 213 хүүхэд суралцдаг бөгөөд сургуулийн дотуур байранд 42 эрэгтэй, 56 эмэгтэй, нийт 96 хүүхэд байрладаг.Тэд  5-дугаар сарын 30-ны өдөр зугаалгад явсан. Үдийн хоолондоо өндөгтэй кембаб, пирожки, тарвас, гуляш будаа, гоймонтой шөл, төмсний хучмал, жимсний салат зэргийг иджээ. Нийт эмчилгээ хийлгэж байгаа эрэгтэй сурагчдын биеийн байдал хүндэрсэн гэнэ. Учир нь нянгаар бохирлогдсон хоол хүнсийг их хэмжээгээр идсэнтэй холбоотой гэж эмч мэргэжилтэн хэлж байна.

Харин үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд аялал зугаалгатай холбоотойгоор хоолонд хордсон уу, эсвэл сургуулийн цайны газрын үйл ажиллагаатай холбоотой юу гэдэгт албан бус мэдээллүүд байсны дагуу аймгийн засаг даргаас дараах тайлбарыг авлаа.

Албан бус мэдээллээр тус сургуулийн цайны газар тухайн өдрийн хоолны төлөвлөгөөг өөрчлөн хоносон хоолоор үйлчилсэн. Мөн гал тогоонд ажиллаж байсан ажилтан тус Шигэлийн нянгаар  өмнө нь халдварласан байсан гэдгийг мэргэжлийн хяналт шалгалтаар илэрсэн байна. Энэ нь хордох шалтгаан нөхцөл болсон байж болзошгүй юм. Одоогоор хордлогын учир шалтгааны талаар эцсийн дүгнэлт гараагүй байгаа юм.

Сурвалжлагч: А.Саранчимэг

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Орхон Эмпати” сургуулийн сурагчид нянгаар бохирлогдсон хоолноос хорджээ  
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй