Шууд Chart

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

2018-06-19 16:25:19

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж,  дөрвөн  асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Санхүүгийн хамтын ажиллагааны төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Төслийн хоёрдугаар шатанд одоо хэрэгжүүлж буй 11 тусгай хамгаалалттай газрын захиргаад дээр Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг хамруулж төслийн дэмжлэг үзүүлэх юм. Төслийн нийт санхүүжилт 24.25 сая евро бөгөөд үүнээс ХБНГУ-ын Засгийн газар 19.5 сая евро, Монгол Улсын Засгийн Газар 13.3 тэрбум төгрөг тус тус санхүүжүүлэх аж. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад олгох улсын төсвийн зардлыг Монголын талын хөрөнгө оруулалт гэж тооцох юм гэдгийг дурдлаа.



Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Амарзаяа, Ш.Раднаасэд, Ч.Улаан нар хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өмнөх төслийн хүрээнд хийсэн ажил болон хоёр дахь төслийн хүрээнд авах 19.5 сая еврогийн зарцуулалтын талаар илүүтэй тодруулж байлаа.

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь 1 дүгээр төслийн хүрээнд  тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчийн өвөл, зуны дүрэмт хувцас, судалгааны багаж хэрэгслээр хангах, гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон бага оврын ачааны автомашин нийлүүлэх, ой, бэлчээр, биологийн олон янз байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажлууд, сургалтууд, төслийн хүрээнд баригдах барилгын ажлуудын зөвлөхийн хяналт, геологийн судалгаа болон зураг зэрэг ажлуудыг хийсэн.

Харин 2 дугаар төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудад сүлжээний үндсэн тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, менежментийн болон бизнес төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутагт дөрвөн том хөндлөнгийн бүс/кластерт хэрэгжүүлэх, төлөвлөлт болон 7 тусдаа тусгай хамгаалалттай газар нутагт хөрөнгө оруулалт хийх, сүлжээнд зориулсан чадавхийг бэхжүүлэх болон олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариулав.

Ингээд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь  дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй