Шууд Chart

ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжийн хэлэлцээрийн төслийг дэмжив

2018-06-20 18:05:50

Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Санхүүгийн хамтын ажиллагааны төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан.

Төслийн 1 дүгээр үе шатны хэрэгжилтийн үр дүн, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж буй бодлогыг дэмжих зорилгоор төслийн 2 дугаар үе шатыг ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар хэрэгжүүлэхээр 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцсон байна. Төслийн хоёрдугаар шатанд одоо хэрэгжүүлж буй 11 тусгай хамгаалалттай газрын захиргаад дээр Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг хамруулж төслийн дэмжлэг үзүүлэх ажээ. Хоёрдугаар шатны төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудад сүлжээний үндсэн тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, менежментийн болон бизнес төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутагт дөрвөн том хөндлөнгийн бүс/кластерт хэрэгжүүлэх, төлөвлөлт болон 7 тусдаа тусгай хамгаалалттай газар нутагт хөрөнгө оруулалт хийх, сүлжээнд зориулсан чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэх аж.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нарын зүгээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээг өргөжүүлж байгаа эсэх, цаашлаад нэгдүгээр төслийн үр дүн болон ойн бүсийг хамгаалах талаар судалгаа хийх талаар илүүтэй тодруулж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариултдаа, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хүрээгээ өргөжүүлж байна. Одоогоор энэ чиглэлд найман төсөл хөтөлбөрт хамрагдан, ажиллаж байна гэв. Мөн төслийн 1 дүгээр хэсгийг амжилттай хэрэгжүүлсэн гэж үзсэн учраас хамрах хүрээг нь өргөжүүлж төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ой, бэлчээр, биологийн олон янз байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажлууд, тусгай хамгаалаттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, аялал жуулчлалын төлөвлөгөө, орчны бүсийн төлөвлөгөө боловсруулах ажлуудыг хийнэ гэж салбарын сайд хариулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд гадны санхүүгийн тусламж, дэмжлэгийг хугацаа алдахгүй авахад ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, газар нутгийн 65 хувь нь бэлчээрийн доройтолд орсон энэ үед салбарын яам олон улсын байгууллагуудтай хамтран, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллахыг сануулсан.

Ингээд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь  дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжийн хэлэлцээрийн төслийг дэмжив  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй