Шууд Chart

30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй зээлийн гэрээний төслийг дэмжлээ

2018-06-20 18:07:19

 Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ. Зээлийн болон төслийн гэрээний талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан.

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх шаардлагатай байгаа аж. ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014 он, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцсон бөгөөд зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Л.Элдэв-Очир нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, ОХУ-ын хуучирч муудсан технологийн хоцрогдолтой тосон таслуурууд, реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхдээ эрчим хүчний нэгдсэн сүлжээнд харшлах, техник технологи зөрөх эрсдэлийг хэрхэн тооцсныг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр зээлийн төслийн эдийн засгийн үр ашгийн талаар тодруулж байлаа.

Ажлын хэсгийнхэн хариултдаа, цахилгаан дамжуулах сүлжээний 60 хувь нь дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан техник, технологиуд байгаа. ОХУ–даа ч үйлдвэрлэхээ больсон. Иймд холбогдох байгууллагын тавьсан шаардлага, стандарын дагуу олон улсын нээлттэй тендер зарлаж, тосон таслуурууд, реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх компанийг сонгон шалгаруулна гэж хариулж байлаа. Түүнчлэн зээлийн төслийг баталснаар эрчим хүчний 110, 35 кВ-ын 92 ширхэг тосон таслуурт хийгдэх  бөгөөд ингэснээр их болон урсгал засварын зардалд зарцуулах ойролцоогоор 1 тэрбум 400 сая төгрөгийг хэмнэнэ. Энэхүү цогц шинэчлэлийг хийснээр хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ гэж Ажлын хэсгээс нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуралдааны төгсгөлд Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг  байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ахлахаар боллоо.


30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй зээлийн гэрээний төслийг дэмжлээ  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй