Шууд Chart

Б.Саруул сэтгүүлчийг уншихуй дор

2018-06-25 15:22:49

Залуу сэтгүүлч Саруултай би тийм ч ойрхон явсангүй. Харин хөөрхөн алаг нүдтэй, нүдэнд дулаахан охин "Улаанбаатар" телевизээр мэдээ уншиж, нэвтрүүлэг хөтөлж явахыг нь олонтаа харжээ. Гэтэл энэ охин нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн хоёр дахь охины охин буюу түүний зээ гэдгийг хожмоо мэдэж билээ. Амбалай нэг удаа надад ярихдаа “Манай хүний авга ах чинь АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай юм. Тэр хүн чинь улс төрч төдийгүй, их бичгийн хүн байсан. “Малчдад өгөх зөвлөгөө“ номыг бүр нүдэнд харагдтал бичсэн байдаг юм. Манай хүн чинь бас сэтгүүлч. Төв аймгийн “Анхдугаар таван жил“ сонины эрхлэгчээр ажиллаж байгаад онгоцны осолд орсон юм. Одоо манай ач, зээ нараас Саруул гэдэг охин сэтгүүлчийн мэргэжлээр сурч байгаа. Гурав дахь үеийн сэтгүүлч юм даа. Тэр жаахан юм оролдох вий“ гэж ярьсан. Амбалайгийн амнаас үүнээс илүү магтаалын үг гарах ч үгүй. Эмээгийнх нь хэлсэн талаар болсонгүй. Сайхан инээмсэглэлтэй Саруул охин маань анхны “Гоолингоо“ гэдэг номоо барьсаар над дээр ирсэн.

Торгоны сайныг имэрч мэдэрдэг, номын сайныг уншиж мэдэрдэг хойно. Уншлаа. “Гоолингоо“ дууны түүх, гарал үүсэл, хэв маяг, хэн дуулсан, хэн хөгжимдсөн, хэр цараатай дуу болохыг олон хүнээс асууж, судалж, зарим газарт сэтгүүлчийн сэтгэлийн шигтгээ мэт санааг шигтгэж өгч.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуу

Тэнэг толгой миний хувьд “Гоолингоо“ хэмээх алдарт дууг сонсож явснаас ийнхүү гүн гүнзгий утга агуулга, учир холбогдлыг ухаж мэдсэнгүй өдий хүрч. Үнэндээ сэтгүүлч бүсгүй нэвтрүүлгээсээ үндэслэн томоохон судалгаа хийсэн байна. Жаргал зовлон, гэрэл сүүдэр хослосон алагхан хорвоогийн алган дээр, үдлээд буцах хүмүүний амьдралд хайр сэтгэл гэдэг ямар үнэтэйг залуу сэтгүүлч Саруул “Гоолингоо“ бүтээлээрээ гаргасан бөгөөд төгсгөл хэсгийг эмээгийнхээ дайрч өнгөрүүлсэн амьдралтай холбон зангидсан нь тун сонирхолтой болжээ.

"Эмээгээсээ эхлэн хайсан тэр урт эрлийн маань үзүүр дахиад л эмээтэй минь учирлаа. Эмээ минь, ээж минь хайртай хүнээ алдаж, хагацаж салахын гашууныг амссан эмэгтэйчүүд. 1958 оны тэр аймшигт өдөр тэдний минь, бас миний амьдралд ч хар толбо болон үлдсэн. Миний өвөө Самбуугийн Содномдаржаа гэдэг хүн байлаа. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуугийн төрсөн дүү болох Ж.Дэмбэрэлээсээ өргөж авч өөрийн нэр дээр овоглон авсан хайртай хүү нь. Хүүгээ зуурдаар алдах үедээ Самбуу өвөө маань сэтгэл санаагаар ихэд унан хоол унднаас гарч, өмсөж байсан дээл нь хүртэл элбэгдэж байсныг ойр тойрных нь хүмүүс одоо хэр ярьдаг.

Буржгар үстэй дүр төрхөөрөө ээжтэй минь ихэд төстэй хүнийг яагаад үрэгдсэнийг нь мэдэхгүй би эмээ ээж минь түүнийгээ хэрхэн үгүйлэн санагалздагийг бяцхан зүрхэндээ ухаж ойлгож төдийлөн чаддаггүй байлаа. Нэгэн өдөр эмээгийн маань тухай хөрөг нэвтрүүлэг гарч байхыг санамсаргүй харах хүртлээ би энэ тухай мэдээгүй л байсан юм. Тэр нэвтрүүлэгт эмээ минь жижигхэн баривчаар нулимсаа арчин хайрт ханийнхаа онгоцны осолд өртсөн харамсалтай түүхийг өгүүлж билээ.

Хань минь “Анхдугаар таван жил“ сонины эрхлэгчээр ажиллаж байх үедээ Бээжин рүү томилолтоор явж байгаад онгоцны ослоор амь үрэгдсэн юм. Ослын дараа бидэнд ханийн маань авч явсан гар цүнхийг л буцааж өгсөн. Ой гарантайхан үлдсэн бяцхан охиныхоо баривчийг хадгалан авч явсан нь тэр байж“ гэж дурсан ярьж байсан. Ханиа үрэгдэх үед хайрт эмээ минь ой гарантай охинтой, дээр нь хэвлийдээ найман сартай охиноо тээж үлдсэн юм.

Д.Амбасэлмаа нөхөр С.Содномдаржаагийн хамт

Магадгүй, хайртай хүнээ үгүйлэн санагалзахын шаналанг эмээгээрээ дамжуулан мэдэрсэн болоод ч тэр үү “Гоолингоо” дууны мөн чанар руу тэгтлээ их өнгийсөн байж мэдэх юм“ гэж Саруул бичжээ. Бас “Хэлсэн нь хийсдэг, бичсэн нь үлддэг“ гэж зохиогчийн ишлэл үг юутай үнэн. Хичнээн ч түүх, хичнээн үнэнийг бичиж үлдээлгүй хийсгэснийг хэн мэдлээ. Ахмадуудынхаа ухааныг алттай зүйрлэж, тэднээсээ  саран мэт "Гоолингоо"-гийн тухай бичиж үлдээсэн эрхэм дүүдээ баярлалаа гэж бичиж дуусаагүй байтал телевизээр Саруулын бичсэн “Манеж амилуулсан Мадам Цэнд-Аюуш“ бүтээл нь гарсныг олзуурхан сонсоод олж уншлаа.

Амбалайгийн маань шийрийг хатаах сэтгүүлч төрөх нь гэж амихандаа ихэд баярлав. Дөнгөж гуч гарч яваа залуу бүсгүйд аль хэдийнэ бурханы оронд заларсан, нэг удаа ч харж байгаагүй Цэнд-Аюуш гэдэг багшийн 90 насны ойд зориулан ном гаргана гэдэг тийм ч зөөлөн ааруул биш. Нэг зүйл дээр төвлөрсөн олон хүний дурсамжийг цэгцлэн, уншууртай болгоно гэдэг зохиогчоос асар их авьяас мэдрэмж шаарддаг. Саруул Цэнд-Аюуш гэж цуцашгүй хөдөлмөрч, сайн уран бүтээлч, сайн багш, сайн удирдагч байсныг нүдэнд харагдтал, ой тойнд буутал бичжээ. Дээр нь Монгол циркийн хөгжил, цэцэглэлт, уруудалт, уналтын тухай түүхийг ч давхар гаргасан байна.  

"Т.Цэнд-Аюуш гэдэг хүний уран бүтээлийн амьдрал, уран бүтээлийн түүхийг сөхөхөд Монголын цирк, монгол уран нугаралтын хөгжлийн түүх хамтдаа яригдах нь сайхан. Уран нугаралт гэдэг нь тусгай орчин, тусгай техник, хэрэгсэл гээд онцгой нөхцөл, орчин шаарддаг. Сул асгасан шагай шиг тарсан сургалт сургуулийг цэгцэлж, үндэсний хэмжээний том сургуультай болчихвол гадагшаа явсан уран бүтээлчдээ татах, гадаад,  дотоодын олон олон авьяастан төрүүлэх ирээдүй бидэнд байна. Хамтдаа нэгэн цул болж, дэлхий дахинаа язгуур урлагаа таниулан бишрүүлвэл ямар сайхан бэ. Буй бүхнээ бусдад алдахгүйн тулд, Монгол циркийн урлаг, тэр тусмаа монгол уран нугаралтын гайхамшгийг дахин дахин таниулах ажил дуусахгүй, дундрахгүй ээ. Уран нугаралтын урлагт сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн уран бүтээлчдийн залгамж халаагаа бэлтгэх, алтан ухаан, авьяас чадварыг алдаж болохгүй. Ямар хайрламаар, яасан агуу, яагаад давтагдашгүй вэ гэдгийг ирээдүй хойчдоо итгэмжлэн ойлгуулах ажил их байгаа билээ“ ... гэж Саруул бичжээ. 

Б.Саруул эмээ Д.Амбасэлмаа болон гэр бүлийн хамт 

Тийм ээ, Саруул аа. Гэхдээ Үндэсний циркээ үгүй хийчихсэн, дэлхийгээс ногоон мөнгө саах уран нугаралтын урлагаа, ахмад үеийнхний бэлдээд өгсөн уран нугараачдаа ертөнцийн мухарт илгээчихсэн ийм улсыг дороо суурьтай, дотроо бодлоготой улс гэх үү... Гэхдээ сайхнаар ирээдүйг төсөөлье. Юутай ч сэтгэлийн утсыг хөндөн, хөшиж хөөрөхийг умартуулан уншуулсан эрхэм дүүдээ уран бүтээлийн чинь ундарга асгарч хальж байхын ерөөл өргөе.

Эмзэглэл, эргэцүүлэл, догдлол, харуусал, гомдол гээд зохиогчийн сэтгэлийн өнгө бүхнээ шингээн домогт “Гоолингоо“ , “Манеж амилуулсан Мадам Цэнд-Аюуш“ номыг туурвисан Саруул сэтгүүлч маань баримтыг ухаж, баримттай “ноцолдож“, түүнийгээ уран сайхнаар дүрслэн амт оруулсан нь унших хүслийг бадраалаа. Өвөө нь Жамсрангийн Самбуу, сэтгүүлч Самбуугийн Содномдаржаа, эмээ нь нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа гээд бодохоор залуу сэтгүүлч Бямбадоржийн Саруул яахин мэдрэмжгүй, авьяас билэггүй байх билээ дээ.

“Сайн хүний үр , сүүт гүүний унага“ гэдэг нэг сайхан үгийг санаж явагтун. Одоо гагцхүү цаг хугацаатай өрсөн хөдөлмөрлөх нь л чухал буй заа эрхэм дүү минь.

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Б.Саруул сэтгүүлчийг уншихуй дор   
Үзсэн: 5869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.40.xxx] 2018-11-07 03:18
Мундаг бүсгүй юм аа. Үр удмаа гэж.

Бидэнтэй нэгдээрэй