Шууд Chart

Эрдэмтний ёс зүйн тухайд...

2018-07-27 17:01:39

Монгол хэлний тайлбар тольд шинжлэх ухааны ямар нэг салбарт мэргэшсэн хүнийг эрдэмтэн гэж тодорхойлжээ. Эрдэмтэд судалгааны баримт материал, хэрэглэгдэхүүн цуглуулах, ажиглах, ангилах, задлан шинжлэх, турших зэрэг ажлыг гүйцэтгэхдээ судлаачийн ёс зүйн дүрэм, өөрийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, шинжлэх ухаан, технологийн талаарх холбогдох хууль дүрмийг дагаж мөрддөг. “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэж ардын зүйр үг ч бий.

Судлаач, эрдэмтэн гэдэг ойлголтууд ярианы хэлэнд голдуу адилхан утгаар хэрэглэгддэг. Томоохон эрдэмтэд ч “...би судлаачийн хувьд” гэж ярьж байдаг.

Шинжлэх ухааны ажил эрхэлж буй аливаа хүн өөрийн мэргэжлийн ба шинжлэх ухааны ёс зүйн шаардлагуудыг баримтална. Шинжлэх ухааны ёс зүй нь шинжлэх ухааны мэдлэгийг бүтээх, эзэмших, түгээн дэлгэрүүлэх, түүний үр дүн, нээлтийг зохистой, зөв ашиглах үйл ажиллагаатай холбоотой ёс суртахууны нийтлэг хэм хэмжээ юм.

Өдөр тутмын амьдрал дээр хүмүүс шинжлэх ухааны ёс зүйн талаар ярихгүй ч шинжлэх ухааны зарим үр дүнгээс болж засаж залруулахад бэрх нөхцөл байдал үүсэх үед олон нийтийн анхаарлын төвд орж ирдэг. Техник, технологийн хурдацтай хөгжлийг дагаад шинжлэх ухааны ёс зүйн зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээлэл нийтийн сонорт олноор хүрэх боллоо. Шинжлэх ухаан, технологийн үр дүнг хэрэглэхтэй холбоотой нийгэмд үүсэж болох маргаан, төөрөгдөл, шүүмжлэлийн талаар байр сууриа хэрхэн илэрхийлэх вэ? гэдгийг судлаач, судалгааны баг урьдчилан тооцох,  хуурмаг шинжлэх ухааныхны үйлдэл, нийгэмд үүссэн оюун санааны төөрөгдөл, мухар сүсэгт шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийх, олон нийтэд шинжлэх ухааны ололт, нээлтийг сурталчлах нь тэдний нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй нэг хэлбэр болно. Мөн шинжлэх ухааны мэдлэг, үр дүнг ашиглах, бодлого, шийдвэртээ тусгаж хэрэгжүүлэх зэрэг нь нийгмийн асуудал юм.

Манайд мөрдөгдөж буй судлаачийн ёс зүйн дүрэмд дараах нийтлэг зарчимуудыг тусгасан байдаг. Үүнд,

-       Зохиогчийн эрхийг зөрчихгүй байх,

-       Үндэсний аюулгүй байдал, байгаль экологи болон хүнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил явуулахгүй байх,

-       Шинжлэх ухааны мэдээ баримт, тооцоо, дүн шинжилгээ, үндэслэл, үнэлгээ дүгнэлт нь нотолгоонд тулгуурлах,

-       Шинжлэх ухааны ололт, үр дүн, дүгнэлт нь улс төр, үзэл суртал, шашны үзлийн нөлөөллөөс ангид, гагцхүү шинжлэх ухааны үнэнийг дээдэлсэн байх,

-        Хэлэлцүүлгийн явцад бусдыг дарамтлах, санаа бодлоо бусдад тулгах, үндэслэлгүйгээр үгүйсгэх, бусдыг доромжлох, хувийн өс хонзонгоор далдуур хуйвалдахыг цээрлэх,

-       Бусад судлаачийн үзэл бодол, байр суурийг хүндэтгэх,

-       Хэлэлцүүлэгт орохдоо бүтээлтэй бүрэн танилцаж саналаа илэрхийлэх гэх мэт.

Харин “академик эрх чөлөө” гэдэг нь хүний хөгжлийн төлөө туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг эрхэлж, бусад судлаачийн үзэл баримтлалыг хүндэтгэх, судалгааны үр дүнг хүн, нийгмийн эсрэг болон хувийн явцуу эрх ашигт урвуулан ашиглахгүй байх зэрэг хэм хэмжээнд захирагдахыг хэлнэ.

Аливаа шинжлэх ухааны үр дүн бол судлаачдын хамтын хүч, оролцоогоор бий болдог. Судалгааны байгууллага бол хүн төрөлхтний ба үндэсний оюун санааны дархлааг бий болгодог онцлогтой. Судалгааны байгууллагын соёлд шинжлэх ухааны эрэл хайгуулын явцад салбарын эрдэмтэн судлаач нөхөдтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцах, судалгааны эх хэрэглэгдэхүүнийг зохих журмын дагуу ашиглах, эрж хайх зэрэг орчин нөхцөл бүрдүүлсэн дүрэм журмын тогтолцоо чухал юм. Өнөөгийн судалгааны байгууллагын соёлд гарч буй томоохон өөрчлөлт нь судлаачид мэдлэг, туршлагаа харилцан солилцоход нээлттэй болж хамтын ажиллагаа өргөжих болсон. Энэ нь шинжлэх ухаанд төдийгүй нийгэм-соёлын харилцааны ихээхэн ач холбогдолтой үйл явдал юм. Олон улсын төсөл, хөтөлбөр, хамтарсан судалгааны багийн тоо улам өсч байна. Судалгааны багийн амжилтанд нөлөөлөх хүчин зүйлс нь: санхүүжилт,  институцийн дэд бүтэц, харилцаа холбоо, мэдээлэл солилцох нөөц, зохион байгуулалтын бодлого-багийн оролдлого, чармайлтыг хөхиүлэн дэмжих арга хэлбэр, судалгааны мэдээлэл, нээлт, патент зэргийг ашиглахтай холбогдсон асуудлыг гэрээ хэлэлцээрээр зохицуулсан байдал, багийн гишүүдийн мэдлэг, ур чадвар, туршлага зэрэг юм.

Судлаачийн ёс зүйн зөрчил нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхлэх тухай мэдээлэл, тодорхойлолт гаргахаас эхлээд судалгааг явуулах, судалгааны дүнг нэгтгэн хэлэлцэх, үр дүнгийн тайлан бичих үндсэн үе шатуудад бодит үр дүн мэдээллийг санаатайгаар зохиох, өөрчлөх, бусдын ажлын үр дүнг хуулбарлах, ажил хэргийн гэрээ, хэлэлцээрийг үндэслэлгүйгээр зөрчих үйлдлийг хэлдэг.

Сүүлийн үед манай улсын иргэд гадаад, дотоодод эрдмийн зэрэг хамгаалах, ном бүтээлээ хэвлүүлэх нь нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч ёс зүйн үүднээс бодууштай асуудлууд байна. Жишээ нь, зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулиар “Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс үүснэ”. Гэтэл тухайн бүтээлийг бичиж, туурвих ажилд оролцохгүйгээр зохиогчоор нэрээ бичих, магистр, докторын ажлын удирдагч нь тухайн ажилд арга зүйн зөвлөгөө өгч, засварласны төлөө хэвлүүлэх бүтээлд хамтран зохиогч болох, зөвшөөрөлгүйгээр өөрийн нэрээр хэвлүүлэх зэрэг дутагдал гардаг байна. Хэрэв бүтээлээ бичих ажилд хэн нэгэний туслалцаа авсан бол энэ тухай талархлын хэсэгт дурьдах нь зүйтэй. Судлаачийн бүтээлийн жагсаалт бол түүний  шинжлэх ухааны салбарт хийж бүтээснийг нь илэрхийлэх гол бичиг баримт байдаг. Үүнийг үйлдэхдээ хамтран зохиогчийг дурьдахгүй байх, судалгааны ажлын төрөл зүйлийг хольж хутгасан алдаа нилээд гардаг.

Мөн өмнөх судлаачдын бүтээл, судалгааны үр дүнг судлан нягтлахгүйгээр /санамсаргүйг эс тооцвол/ зөвхөн өөрөө анх бичиж, нээж илрүүлсэн мэт бичиж сурталчлах нь зохисгүй. Бүх мэдээлэл цахимжиж байгаа үед ийм алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх нь чухал болжээ.

Ном бүтээл хэвлүүлэх явцад редакцийн ажлыг гүйцэтгээгүй байж редактор гэж нэрээ тавих, өөрийн судалгааны болон мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр бүтээлийг редакторлах. Албан тушаалтнуудыг мэргэжил, салбар харгалзахгүйгээр редактор, редакцийн зөвлөлийн гишүүнээр томилох жишиг тогтож байна.

Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцох, шинжлэх ухааны үндэслэлтэй маргаан мэтгэлцээн өрнүүлэх үйл ажиллагаа нь нэг талаар мэргэжлийн, нөгөө талаар ёс суртахууны хариуцлага шаарддаг. Гэтэл эрдэм шинжилгээний ажлын хэлэлцүүлэг, эрдмийн зэрэг хамгаалах хурал дээр тухайн бүтээлд үнэлэлт дүгнэлт өгсөн саналыг танилцуулахад биечлэн оролцохыг эрмэлзэхгүйгээр, бичгээр санал өгсөн нэрээр хайцаалах эсвэл бүтээлч бус үндэслэлгүй шүүмжлэх, бусдыг дайрах нь зохисгүй үйлдэл юм. Ийм төрлийн хэлэлцүүлэгт санал, дүгнэлтээ хэлэхдээ тогтсон үг хэллэг хэрэглэж, жудагтай ханддаг уламжлал бий.

Сүүлийн үед эрдэм шинжилгээний хурал, чуулган, форум олноор зохион байгуулагдаж байна. Судлаачид өөрсдийн ажлыг шийдвэр гаргах түвшин ойлгуулах эсвэл төрт ёсны уламжлалыг хүндэтгэх үүднээс эрдэм шинжилгээний хуралд төрийн албан тушаалтнуудыг урьж мэндчилгээ, нээлт, хаалтын үг хэлүүлэх, илтгэл тавиулах нь түгээмэл болсон ч хурлаас гарсан санал зөвлөмжийг бодлого шийдвэртээ тусгаж хэрэгжүүлэхэд анхаарахгүй  байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн долдугаар зүйлд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Гэтэл төр засгаас эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүд нь салбарын хамт олон, эрдэмтдийг үл хүндэтгэсэн, шинжлэх ухаанч соёлгүй байх нь элбэг. Төсөл, хөтөлбөр шалгаруулах, докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, их дээд сургуулийн удирдах зөвлөлд улс төрийн намын харъяалал эсвэл албан тушаал, танил тал харгалзан томилж байгаа нь төрийн албан тушаалтнуудын улс орныхоо шинжлэх ухааны өмнө хүлээсэн нийгмийн хариуцлага ямар түвшинд буйг харуулж байгаа юм.

Цаашид мэргэжлийн сэтгүүлийн чанар, чансааг сайжруулахад анхаарвал судлаачдын мэргэжлийн болон шинжлэх ухааны ёс зүйн төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх бололцоотой. Энэ талаар сургалт, сурталчилгаа ч сайн явагдаж байна. Эрдэм шинжилгээний чанартай сэтгүүл нь зохиогчийн эрхийн болон шинжлэх ухааны ёс зүйн зөрчлөөс сэргийлэх нөхцлийг бүрдүүлсэн байхаас гадна олон улсын шинжлэх ухааны ёс зүйн кодыг сурталчилж байдаг. Шинжлэх ухааны ажлын үр дүн, эрдэмтний үнэлгээний шалгуурыг улам боловсронгуй болгох нь эрдэмтдийн мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэх үр нөлөөтэй арга юм.
Эрдэмтдийн шинэ нээлт, дүгнэлт, санаа төрөх боломж нөхцлийг бүрдүүлж байж улс орны хөгжил урагшилна.

Нийтэлсэн: М.Золзаяа

Эрдэмтний ёс зүйн тухайд...  
Үзсэн: 7625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй