Шууд Chart

Альтруизм буюу бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэл

2018-09-19 12:18:34

Бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэлийн тухай өрнө, дорнын ёс зүйн сургаалд өргөн хүрээнд авч үздэг. “Өөртөө хүсээгүйг бусдад бүү хий. Өөртөө хүсч байгааг бусдад хүс. Өөртөө хүсээгүйг бусдад бүү хүс” хэмээх ёс суртахууны алтан дүрмийг бид мэднэ.

Бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэлийн тухай үзлийг “альтруизм” гэж нэрлэдэг. Альтруизм гэдэг ухагдахууныг англи-монгол хэлний толь бичигт: энэрэнгүй үзэл, нүнжиг, өөрийгөө мартан бусдыг энэрэх үзэл; монгол-орос хэлний толь бичигт бодь сэтгэл, өгөөмөр сэтгэл гэж орчуулжээ. Монгол хэлний харь үгийн тольд “бодь” хэмээх санскрит үгийг бурхны шашны ойлголт гэдгийг тодотгоод “Бодь хүн, бодь сэтгэл нь хар амиа бодохгүй, хамаг амьтны тусын тулд үйл бүхнийг зохицуулан зориулагч хүн буюу тийм сэтгэл” хэмээн тайлбарлажээ. Бид эдгээр орчуулгыг өргөн хэрэглэж ирсэн нь үзэл баримтлалын түвшин дэх агуулгаас төдийлөн зөрүүгүй юм. Бүхэлдээ бусдад сэтгэл харамгүй хандах, бусдын тусын тулд өөрийнхөө эрх ашиг, сонирхлыг орхих үзэл гэж ойлгодог.

Дэлхийн шашнууд “бусдын хэргийг бүтээхийн төлөө сэтгэл зүрхээ зориулах”, “өөртөө ямар нэг ашиг бодолгүйгээр бусдад тус хүргэх”-ийг номлодог. Магадгүй энэ нь шашны оршин тогтнох гол нөхцөл юм. Буддын шашинд бусдын зовлон бэрхшээлийг өөртөө тохиолдсон мэт ойлгож мэдрэх сэтгэлийн чанарыг эрхэмлэх, бусдын төлөө өөрийгөө зориулах нигүүлсэнгүй сэтгэлийг бодь сэтгэл гэж үздэг. Энэхүү бодь сэтгэл, бусдыг энэрэн нигүүлсэх үзлийг Сажа бандид Гунгаажалцангийн (1182-1251) “Сайн үгт эрдэнийн сан” гэдэг сургаалд:

Өөрөө зовох доройтохыг үл дурлах мэт
Өөр амьтныг ч зовоох доройтуулахыг бүү үйлд (8:347)
Алимад өөрөө жаргах сайжрахад дурлах мэт
Амьтныг ч жаргах сайжрахад барилдуулбал
Амьтан бүхний сэтгэл наашилж дуртай болъюу
Ачлах туслахын ёсоор тахих болъюу (8:348)... гэж өөртөө сайн сайхныг хүсдэгтэй адил бусдын төлөө тийм сэтгэлтэй явахыг сургасан байна. Гэхдээ альтруизмыг зөвхөн шашны номлол бөгөөд гэгээрсэн хутагт, хувраг нар хэрэгжүүлэх боломжтой, жирийн хүнд боломжгүй мэт өрөөсгөл ойлгож болохгүй.

Хүн хүнээ хайрлах, элбэрэх, бусдад сайн сайхныг хүсэх энэрэнгүй сэтгэл буюу нигүүлсэл нь альтруизмд шингэмэл байдаг. Өөртөө хүссэн амжилт, аз жаргалын төлөөх зүтгэл нь хэн нэгэний өмнө хариуцлага хүлээх, бусдыг хайрлах, нигүүлсэх зэрэг бусдаас хамаарал бүхий сонголтуудыг бий болгодог. Манай ардын зүйр цэцэн үгэнд “Биеэ асраагүй хүн Бусдыг асарч чадахгүй” гэдэг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хэр хайрлана, тэр хэмжээгээр бусдыг хайрлана гэсэн үг. “Оюун түлхүүр нэрт шастир” хэмээх сургаалд “Бусдын тусад биеэ орхи...” гэсэн буй. Энэчлэн монголын аман болон бичгийн сургаал дахь бусдын төлөө өөрийгөө зориулж өөрийн эрх ашгийг хойш тавих сэтгэлийн чанарын тухай үзэл нь дорно дахины гүн ухаан, шашны үзэл санааг тусгаж өргөн агуулгатай болсон байна.

ХХ зууны эхэн үеийн сэтгэгч Ч.Дэмчигдорж (1863-1932) “Эрдэнэт толь хэмээх шастар”-таа бусдын төлөө сайхан сэтгэлийг “өршөөл” хэмээн нэрлэжээ. Тэрээр “Олонд тустай, сайн явдалд тустай, гачигдсан мухардсанд тус хийгээд гашуун зовлонтныг тэнхрүүлэх нь өршөөл” гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, нигүүлсэхүй сэтгэлээр тусыг үйлдэх нь өршөөл буюу бусдын төлөө гэх сэтгэл ажээ.

Мөн бусдын төлөө өөрийгөө зориулна гэдэг бол ёс суртахууны хариуцлага бөгөөд хувь хүний оршихуйн нэгэн нөхцөл юм. Альтруизм нь харилцан бие биенээсээ ашиг хараагүй итгэлцэл, үнэнч нөхөрлөлийг бий болгоно.

Бусдын төлөө сайн үйлийн аян, олон нийтийг хамарсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь альтруизмын агуулгыг илэрхийлж байдаг. Альтруизмыг баримтлагч нь үнэт эдлэлд зарцуулах мөнгөө ядуу эсвэл зовж буй нэгэнд өгөх, өвчин тахалд нэрвэгдсэн хот эсвэл олзлогдогсдод туслахын төлөө эрүүл мэндээ золиослох сэтгэлтэй хүн юм. Харин амин хувиа хичээх, хар амиа бодох хандлага нь альтруизмтай эсрэгцэнэ.

Хувь хүний амьдрал, үйл ажиллагаанд бусдын тус дэм зайлшгүй учир бусдад сэтгэл харамгүй туслах, нигүүлсэнгүй хандах; бусдыг хүндлэх, энэрэх үзэл; бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэлийн чанарыг эрхэмлэн хичээвээс чухал билээ.

Нийтэлсэн: М.Золзаяа

Альтруизм буюу бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэл   
Үзсэн: 6684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [64.119.27.xxx] 2018-09-19 14:12
"Альтруизмыг баримтлагч нь үнэт эдлэлд зарцуулах мөнгөө ядуу эсвэл зовж буй нэгэнд өгөх, өвчин тахалд нэрвэгдсэн хот эсвэл олзлогдогсдод туслахын төлөө эрүүл мэндээ золиослох сэтгэлтэй хүн юм" ПӨӨХ ийм баян хүн байх юм уу. Надад лав нэээг ч үнэт эдлэл байхгүй. Бас цаашид ч авахгүй байх. Тэгэхээр хэзээ ч альтруизм байж чадахгүй нь:((
zochin [103.57.93.xxx] 2018-09-19 16:40
setgeleeree busdad baigaa buhnee zoriulah yostoi l doo. tegeheer hun buhen altruism baij chadna. tevdej yavahad ni tevneer tuslah chini altruism shuu dee.
з [64.119.19.xxx] 2018-09-19 13:36
эмч, аврагч зэрэг

Бидэнтэй нэгдээрэй