Шууд Chart

Хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

2018-11-15 15:01:11

Хуралдааны төгсгөлд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  Энэ талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулав. 

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт төмөр замын барилга ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалгах үзэх, гааль, татвар хураахгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байна. 

Гэвч  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд төлсөн НӨАТ-ыг Гаалийн Ерөнхий газрын нэхэмжилсэн 167.0 сая төгрөгийг дизель түлшний онцгой албан татвар суутган тооцох хүсэлтийг гаргасан үеэс эхлэн тус нийгэмлэг өөрийн хэрэгцээнд импортлон оруулж байсан технологийн зориулалттай дизелийн түлш, автобензинд албан татвар болон онцгой албан татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг болжээ. 1998-2015 оны хоорон зөвхөн дизель түлшний онцгой албан татварт 73.8 тэрбум төгрөг төлсөн байна. 

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 онд байгуулсан хэлэлцээрийг дагаж мөрдөх хүсэлтийг тус нийгэмлэг болон ОХУ-ын талаас удаа дараа тавьсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг онцгой албан татвараас чөлөөлсөн байна.   

Мөн Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 төгрөгийг “Олон улсын хамтын ажиллагааны Японы банк”-наас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох арга хэмжээ авахгүй бол тус нийгэмлэгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсох хүртэл эрсдэл үүсч болзошгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн хуул, тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа,  Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журам Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын байгуулсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нйигэмлэгийг үүсгэн байгуулах тухай” 1949 оны хэлэлцээрт  тус нийгэмлэгийн төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг гааль, татвараас чөлөөлөхөөр заажээ. Гэтэл 1998-2015 онд тус нийгэмлэг импортолсон дизедлийн түлшний онцгой албан татвараа 73.8 тэрбум төгрөг төлснийг тус нийгэмлэгийн илүү төлсөн төлөлтөд бүртгэж, “Японы Олон улсын хамтын ажиллагааны банкн”-наас авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутгах тооцуулахаар холбогдох хууль, тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг онцлов. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хууль тогтоолын төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, А.Сүхбат, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ    нар асуулт асууж, санал хэллээ. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.


Хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй