
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 15-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан уг хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан. Иймээс уг хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсныг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийг тусгасан байдаг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд уг эрхийг тусгаагүй байдаг байна. Иймд аль нэг тал шүүхийн шийдвэрт гомдолтой гэж үзвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувь нь дэмжсэнээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэц 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа 12 дугаар дүгнэлт гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...” гэсэн; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэнийг УИХ хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн.
Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх буюу шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулсны зэрэгцээ 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж шүүгч түдгэлзүүлж болох зохицуулалттай байсныг өөрчлөн, ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч талуудын эрх ашгийг тэгш хангах үүднээс хоёр дахь дуудлага худалдаагаар үнийг 50 хувиар бууруулж тооцож олгоход төлбөр авагч тал нь хүлээж авахгүй байгаа тохиолдолд анхны дуудлага худалдаагаар тогтоосон үнийн дагуу хүлээж авах хэлбэрээр зохицуулахаар төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3 хувь нь дэмжсэнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.